З.Мэндбаяр: Хүүг минь дайрч, хөнөөчихөөд, бичиг баримтыг нь хулгайлж, хаяг тодорхойгүй болгож хэргийг хаах гэж оролдсон
Манай редакц руу ууган хүүгээ согтуу жолоочийн гарт харамсалтайгаар алдсан иргэн З.Мэндбаяр гуай хандсан юм. Согтуугаар жолоо барьж, хурд хэтрүүлэн хүний амь нас хороосон эмэгтэй шүүх хурал дээр ирээгүйгээр барахгүй, “Дипломаа аваад ирнэ” хэмээн худал хэлж, хил даваад зугтжээ. Тиймээс хохирогчийн ар гэрийнхэн хэргийг дахин мөрдөж, эхнээс нь дахин шалгуулах хүсэлтэй байгаа аж.
-Тэр өдөр чухам юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Аавындаа ирж хоол идээд, ажилдаа явахаар гарсан хүүг маань гарцан дээр согтуугаар машин барьж явсан, банканд теллерээр ажилладаг Ж.Соёлмаа гэдэг 1997 онд төрсөн хүүхэн дайрч амийг нь хөнөөсөн. Миний хүү 31 настай, эхнэр, 4-6 насны хоёр хүүхэдтэй, цэргийн байгууллагад ажилладаг байсан. Зэвсэгт хүчний 016 дугаар ангид Тагнуулын тусгай салааны захирагчаар ажиллаж байсан, мэргэшсэн цэргийн хүн. Байнгын бэлтгэлтэй, аливаа зүйлээс биеэ гэмтэлгүй аваад гарчих бүрэн чадвартай хүн. Гэтэл ийм сайхан хүүг минь согтуугаар машин жолоодож явсан хүүхэн дайрч, амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан.
-Согтуурлын хэмжээ хэд гарсан бэ?
-Осол гарснаас хойш гурван цагийн дараа үлээлгэхэд 1.64 бүхэлтэй гарч байсан гэхээр их согтуу машин барьж явсан байж таарах гээд байгаа юм. Мөн миний хүүг дайрч амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтахдаа биед нь байсан бичиг баримт, гар утсыг нь авч явж, албаар хаяг тодорхойгүй болгож, төөрөгдүүлсэн. Үүнээс болж хүүгийн маань хэргийг “хаяг тодорхойгүй” хэмээн хаах гэж байсан. Аавынхаасаа гарч ирээд 200 хүрэхгүй метрийн зайнд мөргүүлж амиа алдсан хүүгээ бид ажилдаа явчихсан гэж бодож байсан. Ажилдаа явахаас өөрөөр гэрээс гардаггүй хүүгээ архи хэтрүүлэн хэрэглэж, аагаа багтааж явсан 23-хан настай хүүхний гарт алдчихсандаа үнэхээр харамсаж, гашуудаж байна.

-Нас баралтын шалтгаан нь юу гэж гарсан бэ?
-Яаж дайрсан болохоороо тархины суурь ясыг нь гэмтээж, ослын газар эмнэлгийн тусламж авч амжилгүй амиа алдсаныг ойлгохгүй байгаа. Миний хүү бэлтгэгдсэн тагнуулч хүн. Байнгын бэлтгэлтэй, ядаж л өөрийгөө гэмтээхгүй унаж сурсан байж таарна. Гэтэл тэр согтуу хүүхэн миний хүүг дайрч, амийг нь хөнөөхдөө тархины суурь ясыг нь гэмтээсний улмаас газар дээрээ амиа алдсан гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан.
-Хэдэн км/ц-ийн хурдтай явж байсан юм бол?
-Миний хүүг мөргөж амийг нь хөнөөсөн гэхээр маш хурдтай явсан байж таарах гээд байгаа юм. Эсвэл хэд хэд мөргөчихсөн юм болов уу. Энэ талаар хэргийг мөрдсөн мөрдөгчид бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй. "Хүү чинь зам тээврийн осолд өртөөд амиа алдсан байна" л гэсэн. Зам дээр гарсан осол учир бид удаа дараа камерын хяналтын бичлэг шалгахыг шаардсан.
Бид өөрсдийн журмаар шалгасан. Камерт нэг хар машин маш хурдтай давхиж ирээд хүүг чинь мөргөөд, тээр хол шидэж байгаа харагддаг. Мөн, хүү дээр хоёр хүн очоод эргүүлж тойруулж байгаа маш бүдэг дүрс харагдсан. Энэ талаар цагдаад мэдэгдэж, тэр камерын бичлэгийг шалгах хэрэгтэй байгааг удаа дараа шаардсанаар цагдаа ямар ч байсан бидний үзсэн тэр компани дээр очсон ч “Камерын бичлэг устсан байна” гээд тоохгүй орхисон.
Миний хүү цэргийн хүн. Тийм учраас бичиг баримт, гар утсаа үргэлж бэлэн байдалд биедээ авч явдаг. Гэтэл тэр ослоос хойш одоо болтол бичиг баримт, гар утас нь олдохгүй байгаа. Ослын газар үзлэг хийхэд бичиг баримтгүй, гар утасгүй байсан гэж байгаа юм. Миний хүүг үнэхээр аймаар дайрсан. Танигдахын аргагүй болгосон байсан. Тэгээд бичиг баримтгүй, холбоо барих утасгүй гээд “Орон гэргүй, хэн болох нь тогтоогдоогүй” гээд хэргийг нь хаах гэж оролдсон, арай л дэндүү.
-Шүүх хуралдаан одоо болтол хуралдаагүй юм байна, тийм үү?
-Хуралдаагүй. Хэрэг 2020 оны зургадугаар сарын 9-ний 04.30 цагт гарсан. Шүүх хурал 2021 оны гуравдугаар сарын 31-нд хуралдсан. Гэтэл энэ шүүх хуралд Ж.Соёлмаа ирээгүй. 2021 оны нэгдүгээр сарын 05-нд Улаанбаатар-Сөүлийн онгоцоор нисчихсэн байсан. Согтуугаар машин барьж, хүний амь хөнөөсөн хэрэгт шалгагдаж, саатуулагдсан хүн зүгээр л хилээр гараад зугтчихдаг зүйл гэж байх уу.
1997 онд төрсөн энэ эмэгтэйн эцэг нь Хилийн цэргийн 0164 дүгээр ангид ажилладаг юм байна. Тиймээс охиноо хилээр нууцаар гарахад нөлөөлсөн гэж бид хардаж байгаа. Тиймээс бид энэ хэргийг дахин мөрдөж, бүүр эхнээс нь дахин сайн шалгуулмаар байгаа тухайгаа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгөхөөр шийдсэн. Мөн хүний амь хөнөөчихөөд шүүх хурлаас зугтаж, хилээр гарсан Ж.Соёлмааг олон улсын хэмжээнд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, баривчлан авчирч, үйлдсэн хэрэгт нь хуулийн дагуу ял оноох ёстой. Ж.Соёлмаагийн ээж нь “Тайвань улс руу сургуульдаа явсан. Дипломаа аваад ирнэ” гэж хэлж байгаа ч Улаанбаатар-Сөүлийн чартер нислэгээр БНСУ руу явсан нь тодорхой болсон. Тиймээс Монголын хууль хүчний байгууллагыг шударга ажиллахыг бүх шатны бүх холбогдох байгууллагад хүсэлт, өргөдөл гаргаж шаардах болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.