Цэргийн цаг бусын үхэлд ЗХЖШ-ын дарга хариуцлага хүлээх нь үнэнд нийцнэ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь гуравдугаар сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулд гарч байсан байлдагч Б-ын биед халдан хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэмтэл авсан хугацаат цэргийн алба хаагчид яаралтай тусламж үзүүлсэн боловч тэрээр өчигдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт нас баржээ. 

Энэхүү үйл явдалтай холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг хариуцлага хүлээж, огцрох ёстой хэмээн олон нийт болон жирийн хүмүүс үзэж байгаа. Гэвч хуулиараа цэргийн анги нэгтгэлүүдийг ЗХЖШ хариуцдаг бөгөөд тус штабын даргыг Монгол улсын Ерөнхийлөгч томилдог учир тэднээс хариуцлага нэхэх нь зүй юм. 

Монгол улсын Зэвсэгт хүчний ерөнхий штабын дүрэмд "ЗХЖШ-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон дарга тэргүүлнэ" хэмээн заасан байдаг. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ЗХЖШ-ын даргаар Д.Ганзориг 2019 оны аравдугаар сард томилогдож байсан.

Тодруулж хэлбэл, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад бригадын генерал Д.Ганзоригийг томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа мэдэгдсэний дагуу 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох саналыг зөвшилцөж, тус албан тушаалд бригадын генерал Д.Ганзоригийг томилж байсан юм. 

ganzorig

Улмаар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, бригадын генерал Д.Ганзоригт хошууч генерал цолыг 2019 оны аравдугаар сард олгож байлаа. Зарлигийг танилцуулж, цол олгох ёслол Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж байв. 

Иймд сүүлийн үед Батлан хамгаалахын салбарт гарч буй дэглэлт, цэргийн амь нас хохирч байгаа асуудлын хариултыг ЗХЖШ болон Ерөнхийлөгчөөс нэхэх нь зүй юм. 

Эр цэргийн амь настай холбоотой хэрэг дахин гарахгүй гэж баталгаа байна уу? Нэр хүнд нь унаад байгаа энэхүү салбарт шинэчлэл хийгдэх үү? 

Эдгээр асуултуудад ЗХЖШ-аас өнөөдөр 15 цагт мэдээлэл хийх гэж байна. Тэд энэ талаар юу гэж ярих нь сонин байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.