Хүннүгийн хосгүй олдворыг "Эмоци" продакшны менежер гэх залуу худалдах гэж яваад баригджээ
Эртний, тэр дундаа Хүннү гүрний үеийн нэн ховор олдворыг худалдах гэж байсан хүмүүсийг ЭЦА-ны ажилтнууд өнгөрсөн долоо хоногт үйлдэл дээр нь дайчлан баривчилж, өдгөө мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Б.Хаш-Эрдэнэ, М.Адъяаням, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэх залуус Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцож байхад нь манай хууль сахиулагчид саатуулсан аж. Уг олдворын эзэн нь “Адам” гэх хочтой, хошин урлагийн “Эмоци” продакшны менежерээр ажилладаг М.Адъяаням хэмээх залуу бөгөөд тэрбээр хууль сахиулах байгууллагынханд мэдүүлэг өгөхдөө “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар ээжтэй минь хамтран амьдарч байсан юм. Амьдралд чинь хэрэгтэй бол зарж борлуулна биз хэмээн надад бэлэглэсэн” хэмээн мэдүүлсэн сурагтай.
Үүнтэй холбоотойгоор археологич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбаатараас цагдаагийнхан тайлбар авахаар болоод буй гэнэ.
М.Адъяанямтай хамт саатуулагдсан А.Дэлгэрням нь “Хос билиг” хамгаалалтын албаны дарга нэгэн бол, Б.Баярцэнгэл нь нэг бус удаа ял шийтгүүлж байсан залуу аж.
Тэдний худалдах гэж байсан Хүннү гүрний үеийн олдворуудын болох шилэх аягыг 2017 оны арваннэгдүгээр сард Дэлхийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан “Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнд дэлгэж олонд толилуулсан юм. Уг шилэн аяганы талаар судлаачид “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талын “Гол мод-2”-ын язгууртны булшийг судлахдаа археологич Д.Эрдэнэбаатарын удирдсан багийнхан олсон. Хамгийн содон олдвор бол Ромын шилэн аяга Монголоос анх удаа олдсон явдал юм. Ромын эзэнт улсын үед үйлдвэрлэсэн цагаан, хөх өнгийн шил хольж хийсэн маш нимгэн шилэн аяга нь Ази тивд төдийгүй Монголоос олдсон хамгийн эртний шилэн эдлэлийн цор ганц хосгүй үнэт дурсгал. Энэ аяга нь дэлхий дахинд цөөн байдаг, язгууртнуудын хэрэглээний бэлгэдлийн чанартай. Энэ нь Хүннү, Ром албан ёсны харилцаатай байгаагүй ч гэсэн олдвороос үзэхэд харилцаж байсныг харуулж байна” хэмээн өгүүлсэн байдаг.
Уг шилэн аяга нь ХБНГУ-д гурав, АНУ-д хоёр ширхэг хадгалагддаг аж. Аяганаас гадна шилэн гүц, чулуун сүх, хаш тээгийг худалдах гэж байсан гэнэ.
Уг олдворуудыг Монголбанкны Эрдэнэсийн санд шилжүүлэн хадгалуулах тухай яриа ч тухайн үед гарсан юм. Гэтэл ийнхүү хүмүүс дамжуулан гадаадынханд 650 сая гаруй төгрөгөөр худалдахаар болсон нь хачирхалтай. Хууль сахиулах байгууллагынхан удахгүй энэ асуудлыг нарийвчлан шалгаж тодорхой хариулт өгөх биз ээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.