Т.Хүрэлбат: Э.Бат-Үүл санаатайгаар улс төрийн аллага хийсэн гэх зүйлчлэлээр хэрэгт татагдсан

С.Зоригийн хэрэгт буруутгагдаад буй ялтан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат мэдэгдэл хийлээ.

Тэрбээр "Би нэг зүйл хэлье. Т.Чимгээ намайг олон нийтэд хэл гэлээ. Тухайн үед Ганхуягийг хамтрагч, Булганыг хамжигч гэж үзэж тагнуулынхан барьж авсан байсан. Бархасбадь гэдэг мөрдөн байцаах хэлтсийн дарга 2016 оны есдүгээр сарын 2-нд "Ганхуяг, Булган, Чимгээ, Отгонбаатар, Содномдаржаа, Амгаланбаатар нар С.Зоригийн амь насыг зохион байгуулалттай хөнөөсөн нь нотлох баримтаар нотлогдож байна" гэж мэдэгдсэн байдаг. Тийм учраас Э.Бат-Үүл гэдэг хүнийг 1986 оны Эрүүгийн байцаан хэрэг шийтгэх тухай хуульд заасан үндэслэлээр "Э.Бат-Үүл санаатайгаар улс төрийн аллага хийсэн" гэдэг зүйлчлэлээр хэрэгт татсан байдаг. Үүнээс хойш Булганыг 10 сар хориод сулласан. Хангалттай нотлох баримт алга гэж үзсэн. Ганхуягийг мөн найман сар хорьж, гаргасан. 

Үүний дараа Нийслэлийн хяналтын прокурор Батжаргал "Э.Бат-Үүл нь энэ хэргийг зохион байгуулсан гэх нотлох баримт байхгүй байна" гэх үндэслэлээр яллагдагчаар татах бичгийг үндэслэлгүй болгосон. Ингээд анх 6 хүн татагдсан хирнээ дөрөв нь суллагдсан. Тэгсэн хирнээ Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарыг онц хэрцгийгээр хүн амины хэрэг үйлдсэн гээд буруутгачихсан. Үүнийг тухайнд үед дүү маань надад хэлсэн. Нууц байдаг юм болов уу гээд би 6-7 жил нууцалсан. Одоо хэлэх цаг болсон гэж Т.Чимгээ надад хэллээ. Нууц задалсан гэж үзвэл би өөрөө үүрье гэж дүү маань хэллээ. Захиалгаар хүн алласан гэж дүүг маань буруутгаад байгаа хирнээ захиалсан хүнгүй ийм хэрэг гэж байх уу" гэлээ. 

-Эрүүдэн шүүхтэй холбоотойгоор хуулийн байгууллагад дахин хандаж, шинээр хэрэг нээлгэж болно гэж УИХ-ын гишүүд тань дээр ирэхдээ хэлж байсан?

-Өмгөөлөгч нар ажиллаж байгаа. Гэхдээ нэг зүйл хэлье. Бид гомдол гаргаад шүүх цагдаагийнхан хөдөлдөггүй. Нэг цаас өгдөг. Авч болохгүй, хаяж болохгүй хариулт л өгдөг. Би зургаан жил журмын дагуу явсан. Мэддэг учраас арга ядаад өнөөдөр энд өлсгөлөн зарлаад сууж байна. 

-Та сулла гэсэн шаардлага тавьж байгаа. Зөв үү?

-Хэргийг мөрдөн байцаалтад буцаах хэрэгтэй байна. Тэгвэл тэр хүмүүсийг батлан даалтанд гаргах ёстой. Үүний дараа хэдэн жил хэргээ судалж, үзэж харна биз. Тэр болтол дүү маань гэртээ байх хэрэгтэй байна шүү дээ. Илэрхий яргалаад байна.

-Ерөнхийлөгч таны дүүд өршөөл үзүүлье гэсэн. Та бүхнийг хүлээж авахгүй байна гэсэн?

-Ерөнхийлөгч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт уучлалт үзүүлье гэсэн чинь юу гэсэн үг вэ. Энэ бол хэргээ хүлээ гэсэн үг. Доромжлол шүү дээ. Биднээр бах таваа хангаж байна. Хэргийг бусармагаар шийдсэн шүүгч нараа өмгөөлж хаацайлаад, хэргийг чимээгүй дарах гэж байна уу. Тэр будлиан хийсэн шүүгч нар маргаашийн шүүх хурлаар орох байлгүй дээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.