СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-26

УОК: Халдварын тархалт өндөр 13 аймгийг "Улаан түвшин"-д шилжүүллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Улсын онцгой комиссийн ээлжит бус хуралдаан /2021-03-26/ дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан танилцууллаа.

С.Амарсайхан "Нэгдүгээрт, Хөдөө орон нутагт зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглолоо. Хүнс, шатахуун зэрэг нэн шаардлагатай ачаа тээврээс бусад хөдөлгөөнийг хориглолоо.

Хоёрдугаарт, Гуравдугаар сарын 28-ны өдрийн өглөөний 6 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 6 цаг хүртэл хугацаанд халдварын тархалт өндөр Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан, Дорноговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг "Улаан түвшин"д шилжүүллээ.

Гуравдугаарт, Халдварын тоо буурахгүй цаашид өссөөр байвал дөрөвдүгээр сарын 5-аас эхлэн хатуу хөл хорио тогтооно. Энэ хугацаанд вирусийн тархалтыг бууруулахын тулд хатуу шаардлага тавина. Олон нийтийн газруудад ариутгал халдваргүйтлийн ажлыг эрчимжүүлнэ. Энэ хугацаанд вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулж, тавдугаар сарын нэгэн гэхэд нийслэлийн нийт иргэдийг вакцинжуулж дуусгахаар төлөвлөлөө" гэлээ.

-Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 5-ыг хүртэлх хугацаанд хөл хорио тогтоохгүй юм байна. Гэтэл халдварын тоо нэмэгдээд байвал яах вэ?

-Хөл хориод халдварын тоо багассан ч гэсэн хөл хорио тавихаар буцаад өснө. Эрсдэл бууруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 5 гэдэг эцсийн байдлаар тогтсон өдөр биш. Эрчимтэй өсвөл заавал дөрөвдүгээр сарын 5-ыг хүлээхгүй хөл хорио тогтоож ч магад. Үйлдвэр үйлчилгээний газруудад нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх шаардлага тавина. Хатуу хөл хорио тогтоох бол заавал 10-14 хоногийн өмнө мэдээлнэ. Гэнэт хөл хорихгүй. 

-Вакцин хийлгэсэн хүнээс халдвар илэрсэн үү?

-Хоёр хүнээс илэрсэн. Эхний тунгаа авсаны дараа халдвар авахгүй гэсэн үг биш. Хоёр дахь тунгаа авсны дараа 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно. 

-Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу гарч буй хүмүүс хуурамч шинжилгээний бичгээр гарч ногоон бүсэд халдвар тараасан байна. УОК ямар хариуцлага хүлээх вэ?

-Томилолтоор явах болон янз бүрийн шалтгаанаар хөдөө орон нутаг руу зорчих бүхий л асуудлыг 14 хоногийн хугацаанд бүрэн хорьж байна. 

-УОК-ын 11 гишүүн халдвар авсан гэсэн, үнэн үү?

-Илэрсэн. Урт хугацаанд амралтгүй ажилласан УОК-ын шуурхай штабын ажилчдыг ээлжээр "Жаргалант" сувилалд амраах шийдвэр гарсан. Тэндээс илэрсэн. 

-437 гэдэг тоо худлаа гээд байх юм. Халдварын тоог худал нэмнэ гэж байх уу?

-Халдвар нэмэгдэж байгаа шалтгаан шинжилгээний өргөн цар хүрээтэй үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа. Нэг дор байсан олон хүнээс зэрэг илэрсэн зэрэг нь тоо нэмэгдэхэд түлхэц болсон. Хөдөө орон нутгаас ч мөн ихээр илэрч байна. Улсын хэмжээнд нийлээд ийм өндөр тоо гарч байна. 

Нэг дор наймуулаа, агааржуулалт муутай газарт байсан хүмүүсээс ингэж бөөнөөрөө халдвар гарсан. Тоо эрс нэмэгдэхэд ч нөлөөлсөн.

-ХӨСҮТ-ийн захирал ПСР-ийн 72 цаг гэдэг хугацааг байхгүй болгоно гэж цахим хуудсаараа мэдэгдсэн нь өнөөдөр шүүмжлэл дагуулаад байна. Онцын шаардлагагүй бол ПСР битгий өг гэдэг нь ямар учиртай вэ?

-72 цагийн ПСР хийлгэчихээд хөдөө орон нутаг руу гараад явчихсан. Очоод далд байсан үе нь илэрч халдвар тархах гол үндэслэл болсон. 72 цагийн ПСР-аас болж тайвшрал үүссэн. Халдварын тархалтад "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ ч бас нөлөөлсөн. Иргэд тайвширсан. ПСР хийлгэсэн ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах ёстой гэж сэрэмжлүүлэх үүднээс энэ мэдээллийг хийсэн юм шүү.  

-Ирэх өдрүүдэд халдварын тоог бууруулахын төлөө ажиллана гэлээ. Ямар тактик байгаа юм бэ?

-ХӨСҮТ болон ЭМЯ-аас томилогдсон тандалт судалгааны баг ажиллаж байна. Хир хэмжээгээр тандалт хийж чадна, тэр хэмжээгээр урьдчилан сэргийлж чадна. Ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийнэ. Хүмүүст мэдлэг мэдээлэл хүргэнэ. Тусгаарлах байр болон тусгаарлагдаж буй иргэдийн эрсдлийг бууруулах тал дээр зохион байгуулалт хийнэ. Олон нийтийн идэвхийг нэмэгдүүлэх ажлыг хийлгэнэ. 

-Халдвар аваад эдгээд гарсан хүмүүсийг гурван сарын хугацаанд ПСР битгий өгөөрэй гэсэн байна. Энэ хугацаанд гадуур явсан бол яах вэ? ПСР өглөө ч гэсэн эерэг гарна гэсэн байна. 

-Энэ бол албан бичгээр гарсан дүрэм журам биш. Тухайн хүн сарын дараа ч шинжилгээ өгч болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
64.119.24.150

Affe

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.178

yaj nutagruugaa harih be.ervvl mendiin shaltgaanaar irsen umsan.ene ubchnii esreg zogsoj bgaa turduu itgehees uur songolt alga.amjilt.amjilt

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.