УОК-ын Шуурхай ажлын хэсэг Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг дэмжсэнгүй
ЭМЯ-аас Коронавирусын халдварын тархалтыг бууруулах зорилгоор хэд хэдэн санал УОК-т хүргүүлсэн. Үүнд хөл хориог ахин тогтоох, хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоох, нэг газар, байгууллага, үйл ажиллагаанд 10-аас дээш хүн оролцууоахгүй, цуглуулахгүй байх зэрэг санал багтаж байна.
Мөн Ковидын халдварыг хумих ажлын хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Улсын онцгой комиссын даргад уламжилсан.
03 сарын 12 буюу өчигдөр Эрүүл мэндийн яамнаас гаргасан 28 хоногийн хөл хорионы саналыг УОК-ын Шуурхай ажлын хэсэг хэлэлцэж дэмжсэнгүй.
Цар тахалын үeийн шар буюу хоёрдугаар зэрэглэлд дагаж мөрдөх түр журмын хүрээнд зарим үйл ажиллагааг нэмэлт зохицуулалтаар зохион байгуулахаар заасан. Энэ дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж танилцуулахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа.
УОК-ын Шуурхай штабаас ковидын цар тахлын голомтыг илрүүлэх ажлын хүрээнд эрсдлийн үнэлгээ хийсэн талаар танилцууллаа.
Эрсдлийн үнэлгээгээр буяны ажилд оролцож байгаа иргэдээс голомтод халдварууд нэмэгдэж байгаа нь тогтоогдсон учраас оролцож буй хүний тоог цөөлөх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатай байгааг хэлэв.

Ковидын халдварыг хумих, цар тахлаас урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж дагахыг УОК-оос анхааруулав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.