LIVETALK: Үе үеийн үхэр жил-Монголын түүхэнд
#LIVETALK ярилцлагынхаа шинэ дугаараар бид үе үеийн үхэр жилүүдэд Монголын түүхэнд ямар онцлог үйл явдлууд болж байсан талаар онцлон хүргэж байна.
1901 оны үхэр жилд Манжийн Шинэ засгийн бодлого хэрэгжив
Манжийн Шинэ засгийн бодлого гэгч нь монголын уламжлалт өв, шашин соёлыг бүр мөсөн устгах, монголын бэлчээрийг тариалангийн талбай болгох, цаашлаад монгол үндэстнийг устгах харгис бодлого байсан юм.
1913 оны жилд Өвөрмонголыг чөлөөлөх "Таван замын байлдаан" болов
Манжийн Шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн монголчуудын хөдөлгөөн үргэлжилсээр 1913 онны үхэр жилд Өвөрмонголын газар нутгийг хятадаас чөлөөлөх "Таван замын байлдаан"-ыг өрнүүлжээ. Хэдийбээр уг дайн зорилгоо төдийлөн биелүүлж чадаагүй ч хол ойрын монголчууд нэгэн зорилгын төлөө нэгдэж, үндэс угсаагаа аврах, эх орноо хамгаалахад нэгдэж, тэмцэж чадсан нь ихээхэн онцлог юм. "Таван замын байлдаан"-ыг хятадууд "Үхэр жилийн үймээн" хэмээн нэрлэдэг ч энэ байлдаан цар хүрээ, өрнөлөөрөө маш том дайн байсан гэдгийг түүхчид, судлаачид онцолж байна.
"Таван замын байлдаан" Өвөрмонголын өргөн тал нутагт буюу Монголоос хятадын Цагаан хэрэм хүртэлх 400-500 км өргөн замд, монголын талаас 10 мянга орчим цэрэг, дайчид оролцсон бол хятад, манжийн талаас түүнээс дөрөв, тав дахин буюу 40-50 мянган цэрэг, дайчид оролцсон гэж түүхэнд тэмдгэлэн үлдээжээ...
1937 оны үхэр жилд Монголын түүхэнд хамийн хар мөрөө үлдээсэн "Их хэлмэгдүүлэлт" өрнөв
1937 оны 09-р сарын 17-нд ЗХУ-аас нэр цохож ирүүлсэн 115 хүнийг дайчлан баривчлах ажиллагаа эхэлснээр монголчуудыг нийтээр хомроголон баривчлах, хэлмэгдүүлэх аймшигт хар өдрүүд эхэлжээ. Улмаар 1937 оны 10-р сарын 02-нд Маршал Х.Чойбалсангаар удирдуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй "Онцгой комисс" гэгчийг байгуулж, тус онцгой комисс хуулиас, шүүхээс давсан үйл ажиллагаа явуулж 1937 оны 09-р сараас 1939 оны 04-р сар хүртэл 27595 хүний хэргийг таслан шийтгэжээ...
1961 оны үхэр жилд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болов
Монголчууд 1946 оноос эхлэн НҮБ-д элсэх хүсэлт өгсөн ба нийт есөн удаагийн хүсэлт өгсний эцэст буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болжээ. Ингэснээр Монгол улс тусгаар тогтносон, бие даасан улс гэдгээ дэлхий дахинаа тунхагласан юм. Тухайн үеийн БНМАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Д.Цэвэгмид НҮБ-ын хуралд Монгол улсаа төлөөлөн оролцож байжээ.
1985 оны үхэр жилд Өөрчлөн байгуулалт өрнөв
1985 оны үхэр жилээс ЗХУ-ын бүрэлдэхүүн, хамтын ажиллагаатай улс орнуудад өөрчлөн байгуулалт өрнөж эхлэв. Өөрчлөн байгуулалт өрнөх гол шалтгаан бол 1954-1985 он хүртэл үргэлжилсэн "Социолизмын материал техникийн бааз байгуулах үйл явц" цааш үргэлжлэх боломжгүй болсонтой холбоотой. Нэг ёсондоо эдийн засаг гацаанд орсон учир шинэлчлэл хийх зайлшгүй шаардлага үүсчээ. Өөрчлөн байгуулалт өрнөснөөр өнөөдрийн чөлөөт, зах зээлийн эдийн засаг бий болох нөхцөл бүрэлдэж, Ардчилсан хувьсгал өрнөх үндэс суурь тавигджээ...
LIVЕTALK ярилцлагын зочноор,
Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн секторын эрхлэгч, түүхийн ухааны доктор, профессор Г.Мягмарсамбуу,
Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн ЭШТА, түүхийн ухааны доктор Ц.Батбаяр,
Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн ЭШТА, түүхийн ухааны доктор Б.Пунсалдулам нар оролцлоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.