Хариуцлага алдсан албан тушаалтнуудад Ерөнхий сайд "сануулах захидал" илгээж байна

Эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг танилцуулах үеэр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн албан хаагчдад "сануулах захидал" илгээж байгаа талаараа мэдээллээ. 

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ЭМЯ-ны ТНБД Я.Буянжаргал, Хотын орлогч Ж.Сандагсүрэн нар өөрсдийн хүсэлтээр өчигдөр огцорч, өнөөдөр ЭМ-ийн дэд сайд болон ТНБД-ыг шинээр томилоод байна. Дэд сайд асан Ш.Анхмаагийн ажлаа өгсөн шалтгаан бүрхэг, харин Хотын орлогч Ж.Сандагсүрэнг СХД-т явагдах нөхөн сонгуультай холбоотой ажлаа өгсөн гэсэн яриа гараад байсан юм.

Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр хүмүүсийг "Хариуцлага алдсан учир ажлаас нь чөлөөлсөн" хэмээн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдлээ. Ажлын хариуцлага алдаж байгаа төрийн албан хаагчдад "сануулах захидал" илгээж байгаа ба хоёр удаа авсан албан тушаалтан шууд огцорч байгаа аж. Тэгэхээр өөрсдийн хүсэлтээр, сонгуульд өрсөлдөхөөр хэмээн тайлбарлаж байсан Эрүүл мэндийн дэд сайд, Хотын орлогч нарыг Ерөнхий сайд хариуцлага хүлээлгэн, чөлөөлжээ. 

gant

Хариуцлага хүлээн чөлөөлөгдөж мэдэх дараагийн хүнийг Ерөнхий сайд нэрлэлээ. Энэ бол Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр гэнэ. Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нь УОК-ын шийдвэрийг "таалагдахгүй байна" хэмээн эсэргүүцдэг тул "Хэрэв ингэж байгаа бол ажлаа өгч, жирийн хүн болоод наад үгээ хэлж болно шүү" гэдэг хатуу сануулгыг Ерөнхий сайд хэлэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.