АН-ынхан С.Эрдэнийн намыг хүлээн зөвшөөрч эхлэв үү

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбатыг өчигдөр С.Эрдэнэ Ардчилсан намын тэргүүн дээд шагнал Чингисийн одонгоор шагналаа.

Ерөнхийлөгчийн хүн - Д.Ганбат энэхүү шагналыг баяртайгаар гардан авсан нь УИХ дахь АН-ын бүлэг С.Эрдэнийн "байгуулсан" АН-ыг хүлээн зөвшөөрч ажиллахаар болж байна гэсэн үг юм. Цаагуураа АН-ыг өмчилж, Ц.Туваанаар дамжуулж намын Үндсэн дүрэмд дүрмийн бус заалт шургуулсан Ерөнхийлөгч Х.Баттулга буулт хийж байна гэсэн үг. 

Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнэ, Ерөнхийлөгч Х.Баттулгыг зүйл бүрээр шахсан. Өөрийн хүү, Зон олны намын дарга Э.Одбаяраар хүртэл Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн ҮХЦ-д гомдол "өгүүлсэн". Ерөнхийлөгч Х.Баттулга, С.Эрдэнийг хоёр ч удаа дуудаж уулзсан гэсэн албан бус мэдээлэл бий. Тэдний уулзалт амжилтгүй болж, хоорондоо тохирч чадаагүй нь Э.Одбаярын үйлдлээс харагдсан гэж хэлж болно. Гэвч Ерөнхийлөгч түрүүлж буулт хийж эхлэв бололтой. 

147029522 1156463658141342 7481336707177226103 o

Буулт хийх эхний алхмаа Д.Ганбатаар эхлүүллээ. Ц.Тувааны АНамаас УИХ дахь АН-ын бүлэг С.Эрдэнийн ЭНамыг хүлээн зөвшөөрлөө. Ерөнхийлөгчийн хатгаасаар АН-ын Үндсэн дүрэмд "Одоогийн Ерөнхийлөгч хэрэв нэр дэвшихээр бол ҮБХ-оор хэлэлцүүлэхгүй, Их хурал руу нэр нь шууд орно" гэдэг заалтыг Ц.Туваан шургуулсныг АН-ынхан хүлээн зөвшөөрч, дуу дуугаа авалцан энэ талаар мэдээлж эхэллээ.  

Судалгааны MEC байгууллагын гаргасан сүүлийн судалгаагаар үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн магнайд С.Эрдэнэ орсон. Нэр хүнд муутай хүнийг тойрон АН цуглаж байгаа ч намын даргад нэр дэвшихгүй гэдгээ С.Эрдэнэ илэрхийлсэн учир АН-ын нэр хүнд үүгээр сэвтэх нь үгүй болов уу. 

АН-ын дарга хэн байх нь Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан энэ цаг үед үнэндээ хамаагүй юм. АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, 18 жилийн урт удаан ялалтаа бататгах нь чухал байгаа. Иймд С.Эрдэнийг тойрон эмхэрч, хуваагдал, задралгүйгээр оръё гэдэг дээрээ нягтрав бололтой. 

Гагцхүү энэхүү эв нэгдэл хэр удахыг тэдний цаашдын үйл ажиллагаа харуулах болно. Хэрэв хуурамчаар нэгдсэн байх аваас орон нутгийн сонгуульд намын гишүүд эс үйлдлээрээ намаа ялалтад хүргэсэн хувь тавилан Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.