Тоёоко-Инн зочид буудал: Бид тусгаарлагдсан иргэдэд өдрийн дөрвөн удаа хоол өгч байна
Бид Тоёоко-инн зочид буудалд тусгаарлагдаж буй иргэний гомдлоор мэдээлэл бэлтгэж хүргэсэн. Тухайн иргэн “ Тоёоко-Инн зочид буудал өглөөний цайндаа нэг зүсэм талх өгч байгаа” тухай гомдоллосон юм.
Харин энэ удаад Тоёко-Инн зочид буудлаас тайлбар авлаа. Тус зочид буудлын менежерийн хэлснээр тусгаарлалтад байгаа иргэдэд өдөрт дөрвөн удаа хоол өгч байгаа ажээ. Тухайлбал,
Өглөө 08:30-09:00 цагийн хооронд нэг зүсэм талхтай хийцтэй цай эсвэл каш,
Өдөр 12:00-13:30 цагийн хооронд 1,2-р хоол/хоёр хоол гэж тооцно/,
Орой 17:30-18:30 цагийн хооронд 1-р хоол өгдөг байна.
Харин нэг өдөр хоолоо өгөлгүй өнжсөн гэх гомдлын тухайд:
Тоёоко-Инн зочид буудал хоолоо дотроо хийдэггүй бөгөөд УОК-оос томилж өгсөн захиалгын хоолны газраас хоолоо авч, тусгаарлалтад буй иргэдэд хоол хүргэх үйлчилгээг резидент эмч нар хариуцдаг байна. Улмаар хоолоо ирж авахыг цагаан хоолойгоор 3-4 удаа зарладаг ч зарим иргэд өрөөнөөсөө гарч ирж хоолоо авдаггүй. Энэ нь тухайн иргэний өөрсдийн хариуцлагын асуудал хэмээн үзэж байгаагаа онцоллоо.
Мөн тус буудлын зүгээс “гомдол гаргасан иргэнийг Улсын онцгой комиссын Шуурхай штабт мэдэгдэж, хариуцлага тооцуулна” гэж үзэж байгаа ажээ. Учир нь олон нийтийг төөрөгдүүлсэн, ташаа мэдээлэл тараасан бол УОК-оос хариуцлага тооцдог байна.
Гэвч тус зочид буудалд тусгаарлагдаж буй иргэн “өглөөний цайндаа нэг зүсэм талх өгч байна” гэдэг гомдлоо бичсэн нь хариуцлага тооцуулах хэмжээний асуудал мөн үү гэдэг нь асуулт юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.