Ч.Сайханбилэг: Ерөнхийлөгч, шүүгч нарыг дууддаг гэдгийг сонсоод үнэхээр уур хүрмээр
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-аас сошиал сүлжээг ашиглан Монголын ард иргэддээ хандаж, өнөөдөр улстөрийн хүрээнд өрнөөд байгаа хурц асуудлуудаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг:
Манай өмгөөлөгч таны хэргийг өмгөөлөх амархан. Харин улстөрийн нөлөө оролцоог та хааж чадах уу гэж хэлж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч маань шүүгч, прокурорыг томилохдоо тэднийг эрхшээлдээ ор гэж шаарддаг, үгүй бол огцрох өргөдлөө огноогүй бичиж өг хэмээн шаарддаг тухай Ерөнхий сайд /У.Хүрэлсүхийг хэлж байна/ нь огцрох өргөдлөө өгөхдөө хэлэхийг сонсоод үнэхээр сэтгэл өвдөв.
Шүүгч нарыг өрөөндөө дуудан авчраад хэнд хэдэн жилийн ял өг гэдэг Ерөнхийлөгчтэйгээ мэдээд үнэхээр уур хүрэв. Энэ бол солонгос савангийн дуурь биш харин өнөөдрийн бодит байдал.
Үндсэн хуулийн суурь зарчмыг Ерөнхийлөгч зөрчдөг энэ явдлыг гурав хоног сошиалоор сэвээд орхимооргүй байна.
Энэ Ерөнхийлөгч Монгол ялна гэж гарч ирээд Монголоо ялагдуулж дуусгаж байна. Төмөр зам тавьж байна. 800 км зам тавилаа гэж яриад л байгаа. Гэтэл 240 км яваад хил хүрчих төмөр зам өнөөдөр ч холбогдчихоогүй л байна. Энэ хооронд Монголын нүүрсээ зардаг ганц зах зээлийг Оросууд эзэлчихлээ.
Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөх Оюутолгойн гэрээг цуцалж, хоёр хөршдөө найр тавин өгөх гэж байна.
Эдийн засгийн өсөлт зогсож, хувийн хэвшлүүд хаалга барилаа. Томоохон компаниудыг өөртөө үнэнч, үнэнч бусаар хоёр нь ангилж, оффшор, 30 гэр бүл зэрэг зохиомол ойлголтуудыг бий болгож байна. Энэ хүн гэвч өөрөө жинхэнэ оффшорчин, нийгмээ хагалган бутаргагч болж байна.
Манай улс сүүлийн 30 жилийн Азийн ардчиллын баянбүрд гэж хэлэгдсээр ирсэн. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хараат бус шүүх засаглал, төрийн байгууллаа өдөр бүр арчиж тордохгүй бол энэ баянбүрд минь маш хурдан цөлжиж хатаж болохыг ойлголоо.
Энэ хэвээрээ үргэлжилбэл сайнаар бол нэг намын дарангуйлал, муугаар бол нэг хүний диктатур тогтохоор байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.