С.Ганбаатар: Урьд шөнийн 01 цагийн орчимд 400 тэрбум долларын баялаг наашаа ирэх замдаа орсон
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг цуцлахыг шаардаж зургаа дахь өдрөө өлсгөлөн зарлаад байгаа билээ. Өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Хууль зүй дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар түүнтэй уулзаж хамтран Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэх гаргахаар болсон. Мөн түүнийг өлсгөлөнгөө зогсоолоо хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээлэл тархсан.
Тэгвэл С.Ганбаатар гишүүн урьд шөнийн 03:00 цагийн орчимд цахим хуудас дээрээ өлсгөлөн зогсоогүй болохыг мэдэгдэж, маргааш өглөө буюу 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өглөөний 09:00 цагаас Нью-Йоркийн дээд шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргаж гарын үсэг зурж явуулах болсон тухайгаа мэдэгджээ.
Тэрбээр дөнгөж сая талбай дээр хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Надад нэг захидал ирлээ. Захидлын эзэн: Би аавтайгаа амьдардаг. Монголын ард түмний төлөө тэмцэж буй С.Ганбаатар ахдаа баярлалаа. Төр засаг биднийг тэнэгтүүлж байна. Та биднийг гэр дулаан, гэдэс цатгалан байлгах гэж тэмцэж байна. Хэдхэн жилийн дараа Монгол Улс маань сүү долоосон гөлөг шиг, сүр нь үхсэн бух шиг болох нээ. Би өөрийнхөө сэтгэлээр бичлээ. Оюун-Ундраа цогцолбор сургуулийн 8-ын 9-р ангийн сурагч Дөл гэжээ.
Би маш их талархаж байна. Энэ мэтчилэнгээр Монголын ард түмэн минь намайг дэмжиж байгаад бүр их баярлаж байна.
Өнгөрсөн шөнийн 01:29 цагийн орчимд Монголын ард түмний 400 тэрбум долларын маань баялаг наашаа ирэх замдаа орсон. Гэвч бас буцах замдаа орсон. Замд нь будлиан орсон. Шөнөжин үймэлдэж байгаа мафийн бүлэглэлийн хутгууранд орсон. Би ганцаараа тэмцээгүй, талбай дээр сууж байхад минь төрийн ордонд мөн маш олон гишүүн, надтай хамт тэмцэгч гишүүд мөн тэмцсээр байгаа. Би дахин 20 хоног өлсөхөд бэлэн.
Баялаг гэхдээ гэртээ ирэх замдаа орсон. Баялгийг хулгайлсан мафийн бүлэглэл боож үхэх гэж байна. Шинэ ерөнхий сайд мафийн барьцаанд орсон юм шиг байна. Чи улсын ерөнхий сайд юм уу, Рио Тинтогийн бууны нохойнуудын барьцаанд орсон юм уу гэдгээ надад биш Монголын ард түмэнд хэлээрэй.
Би 09:00 цагаас хойш тэвчээртэй хүлээж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.