Сайд болохоор хамгийн их "зүтгэж" буй нь Ч.Ундрам, Д.Өнөрболор нар

Саяхан хуралдсан МАН-ын бага хурал дээр шинэ Засгийн газрын томилгооны асуудлыг хүчтэй ярьжээ. МАН-ын Удирдах зөвлөлөөс шийдвэр нь гарч нэр дэвшиж буй ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг намын бага хурлын гишүүд санал нэгтэйгээр Засгийн газрын тэргүүнээр томилохыг дэмжсэн.

Харин түүний Засгийн газарт орж ажиллах хүсэлтэй 40 гаруй хүн өөрсдийн саналаа хэлж, дэмжлэг эржээ. Ялсан намын гишүүн бүрт дараагийн засгийн газраас "хувь хүртэх" санаархал бий. Гол нь хэн, ямар хэмжээний хувь хүртэх тухай эсэх нь эрэмбэ дараатай баймаар.

Гэтэл тус намд саяхан элссэн /өмнө нь өөр намын гишүүн байсан нь сонгуулийн үеэр зураг хөрөгтэйгөөр баталгаажсан/ тэр ч бүү хэл анхны алхмаараа УИХ-ын гишүүний өндөр сэнтийд заларсан залуухан гишүүн Ч.Ундрам Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдад санаархаж буйгаа илт тод зарлажээ.

Тэрбээр МАН-ын бага хурал дээр босч үг хэлэхдээ "Боловсролын салбараа ирээдүйд аваръя гэвэл намайг сонго" гэх утгатай зүйл ярьсан бөгөөд үүнийгээ өөртөө тун ч итгэлтэйгээр дахин дахин илэрхийлж намын гишүүдийнхээ дургүйг хүргэжээ. 

Залуу хүн эхний удаад УИХ-ын гишүүн болсон нь хангалттай. Ямх ямхаар урагшилж төрийн ажилд суралцах ёстой байтал шууд гишүүн болсноор барахгүй шууд сайд болохоор зүтгэж буй нь хувь хүнийхээ хувьд өөрийгөө хэн бэ гэдгээ харууллаа хэмээн намын гишүүд нь дургүйцэж байна.

Дараагийн санаархагч нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболор. Тэрбээр 2016 оны сонгуулийн дараа МАН-д нэг тэрбум төгрөгийн хандив өгснөөрөө түрий барьж Барилга хот байгуулалтын сайдын албан тушаал хүртэх "шахсан". Гэв гэнэт цоорч гарч ирсэн түүнийг анкетаа бариад Төрийн ордны коридорт явж байснаар нь анх "харсан" хүн тун олон.

МАН-ын төлөө дов жалганы үзэлдээ автах нь автаж, сонгууль бүрийн "шуурга"-нд тавхайгаа эргэтэл зүтгэдэг намын гишүүд нь хүртэл насаараа хүртэж чадаагүй албан тушаалыг тэрбээр ганцхан тэрбум төгрөгөөр "худалдан авлаа" хэмээн тухайн үед намын гишүүд нь эрс эсэргүүцсэн.

Олны хандлага "цааш" байсныг тооцсон намын удирдлагууд маневраа өөрчилж түүнд сайдын албан тушаал өгөөгүй ч 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвших эрх өгч "амыг нь тагласан" гэх юм билээ. 

Цоо шинэ намын гишүүн тэрбээр Сэлэнгийн МАН-ын гишүүдийн итгэл зүтгэлийн хүчээр УИХ-ын гишүүний өндөр сэнтийд заларсан цаг саяхан. Гэвч түүнд энэ алба хангалтгүй бололтой. Тэрбээр шинэ Засгийн газрын Барилга хот байгуулалтын сайдын албан тушаалд очих мөрөөдлөө "жинхэнэ утгаар нь" биелүүлэхээр намын удирдлагуудынхаа чихнээс хонх уяж яваа ажээ.

Ч.Ундрам, Д.Өнөрболор нар сайд болох санаархлаа биелүүлэхийн тулд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны шугамаар ХБХ хүртэл зарлуулж, дараагийн томилгоон дээр жендерийн асуудлаа барьж ажиллахыг намын удирдлагууддаасаа шаардсан. 

У.Хүрэлсүх сайдын Засгийн газарт хэл амгүй ч хийх ажлаа хэнээс ч дутахгүй хийж яваа 7-8 сайдыг албан тушаалд нь хэвээр үлдээж, үргэлжлүүлж ажиллах сураг бий. Тэр дунд одоогийн Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар багтаж буй. 

Гэвч "Монгол охидоо солонгосчуудад зарж баяжсан" гэгддэг Д.Өнөрболор хатагтай Б.Мөнхбаатар сайдыг үргэлжлүүлж ажиллахыг эрс эсэргүүцэж, "дараагийн ээлж хоолонд орох цаг болсон"-ыг намын удирдлагууддаа ил далд бүхий л аргаар сануулсаар яваа гэнэ.

Сэлэнгэчүүд 2020 оны сонгуулиар ийм л амбицтай хоёр эмэгтэйг төрд төлөөлүүлж сонгожээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.