Г.Занданшатар: С.Ганбаатар гишүүн ээ танхимдаа ирээд ярь, тэр нь илүү хүчтэй
УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-д ирж буй ард иргэдийн санал хүсэлттэй холбогдуулж УИХ-ын дарга үг хэлж болно гэсэн дэгийн тухай хуулийн дагуу үг хэллээ.
Тэрбээр, "Нийгэмд үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулж, тэр тусмаа Оюутолгойн асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Ганбаатарын чуулганы хуралдаандаа ирж оролцохыг урьж байна. УИХ-ын гишүүн чуулганы хуралдаанд ард иргэдийн элч төлөөлөгчийн хувиар ирж оролцох ёстой. Нийт иргэн, улсын эрх ашгийг тэргүүнд тавьж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрд үнэнчээр зүтгэхээ тангарагласан байдаг. УИХ-ын гишүүний ажил УИХ-аас батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилтэд санал гаргаж болно. Ямарваа нэг нэхэмжлэл гаргах шаардлагатай бол холбогдох тогтоолын төсөл санаачилж болно. Чуулганы танхимд асуудлаа хэлэлцэх ёстой. Бүрэн эрхийг нь ард түмэн өгсөн. Гэтэл ард иргэдэд буруу ойлголт өгч, өлсгөлөн зарлаж, өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд учруулаад байж болохгүй.
Г.Занданшатар: С.Ганбаатар гишүүнд үнэхээр нэхэмжлэхийн шаардлага байгаа бол хуулиа санаачлаад ажиллах бүрэн боломж байхад яагаад ийм арга замыг сонгов?
Би ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан. 2018 оны нэгдүгээр сард буюу тухайн үеийн УИХ, ЗГ шиг Оюутолгойн асуудлаар нухацтай ажиллаж, шаардлага тавьсан засаглал байхгүй. Өмнөх УИХ-аар 92-р тогтоол баталж Оюутолгойн хэрэгжилтэд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах асуудлыг тодорхой тусгасан. Энэ тогтоолыг хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллаж болно шүү дээ.
2013-2017 онуудад Оюутолгойд татварын актаа тавьж чадахгүй нөхцөл үүссэн байсан. У.Хүрэлсүхийн засгийн газрын үед актаа тавьж, бүх шаардлагаа тавьж чаддаг болсон. Зээлийн хүү, менежментийн шимтгэл гэх мэт үр ашиггүй асуудал бүрийг ил тавьж гэрээ хэлцлийн замаар шийдвэрлэсэн. Монгол Улс нэгдмэл байх ёстой. Танхимын зарчмаар ажиллахыг С.Ганбаатар гишүүнээс шаардаж байна.
Ард иргэдэд буруу ойлголт өгч, нийгэмд цар тахал дэгдсэн үед улс төржсөн алхам хиймээргүй байна. Танхимдаа ирээд ярь. Тэр нь илүү хүчтэй. Бүх санаачлага нээлттэй байна. Үнэхээр асуудал бий бол бид дэмжээд ажлын хэсэг байгуулаад ажиллая" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.