СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-01-26

"Алтан судал" кино Оскарт өрсөлдөхөөр сонгогдов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

"Ингэн нулимс" баримтат киногоороо Оскарын шагналд нэр дэвшиж байсан найруулагч Даваагийн Бямбасүрэнгийн шинэ уран бүтээл "Алтан судал" уран сайхны кино өнгөрсөн жил Берлиний кино наадамд нээлтээ хийсэн билээ. Тэгвэл уг кино энэ жилийн Оскарын наадмын "Олон улсын шилдэг уран сайхны кино" төрөлд Монгол Улсаас өрсөлдөх бүтээлээр сонгогджээ.

Киноны гол дүр 11 настай Амараа хүү Монголын хөдөө нутагт уламжлалт нүүдэлчин амьдралаар амьдардаг бөгөөд гадаадын уул уурхайн компаниуд түүний амьдралын хэв маягийг заналхийлэх болно. Алтны эрэлд улайрсан компаниуд хүрээлэн буй орчноо хайр найргүй сүйтгэх бөгөөд Амараагийн аав Эрдэнэ бол тэднийг эсэргүүцсэн сүүлчийн нүүдэлчдийн удирдагч юм. Гэвч аав нь харамсалтайгаар нас барсны дараа хүү эцгийнхээ тэмцлийг үргэлжлүүлэхээр шийднэ.

Монгол Улсыг төлөөлөхөөр сонгогдсон энэхүү кино нь Оскарын уралдаанд хожуу орсон болохыг "The Hollywood Reporter" онцолжээ.

Гэхдээ Даваагийн Бямбасүрэн нь Оскарын наадамтай танилууд билээ. Түүний анхны бүтээл "Ингэн нулимс" нь 2005 оны "Шилдэг баримтат кино"-ны төрөлд нэр дэвшиж байсан. Түүнчлэн тэрээр "Шар нохойн там", "Эзэн Богдын хоёр загал" зэрэг баримтат киногоороо олны талархлыг хүлээсэн билээ. "Алтан судал" бол түүний анхны уран сайхны кино юм.

Академийн шагнал гардуулах ёслолд Монголыг төлөөлөх болсон талаараа Берлинд анх нээлтээ хийсэн энэхүү бүтээлийн албан ёсны эрхийг Францын "Les Films du Preau", Испанийн "Surtsey Films", Скандинавын "Angel Films" зэрэг хэд хэдэн олон улсын дистрибьютерууд худалдаж аваад байгаа. Харин "Pandora Film" тус киног энэ оны сүүлээр герман хэл дээр гаргах болно.

93 дахь удаагийн Оскарын наадмын нэр дэвшигчдийг ирэх гуравдугаар сарын 15-нд зарлах бөгөөд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2021 оны дөрөвдүгээр сарын 25-нд болохоор товлогджээ.

Эх сурвалж: The Hollywood Reporter

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.