ТББХ: 0-3 насны хүүхдээ асарч буй эхэд мөнгөн тэтгэмж олгож байгаа нь хууль зөрчсөн үү

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өрх толгойлсон эцэг, эхэд өгөх нийгмийн халамжийн тэтгэлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд олгох мөнгөн тэтгэмжийг зохицуулж буй хуулийн үйлчлэлийг 2021-07-01-ний өдрийг хүртэл түтгэлзүүлсүгүй гэсэн дүгнэлтийг ҮХЦ гаргажээ. 0-3 насны хүүхдээ гэртээ харж буй эхэд төрөөс мөнгөн тэтгэлэг олгодог. Эх нь ажилдаа орсон тохиолдолд уг тэтгэлэг зогсдог. Харин хүүхдээ гэртээ харж буй эцэгт олгох мөнгөн тэтгэлэг гэж байхгүй. Энэ нь "хүйсээр ялгаварлан гадуурхсан" гэж ҮХЦ үзжээ. Иймд хуулийн үйлчлэлийг түр түдгэлзүүлж, УИХ хуульд өөрчлөлт оруулах шаарддага үүссэн аж. 

Анх удаа зургаан сарын дараа хуулийн үйлчлэлийг зогсоосон тохиолдол гарлаа

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

ТББХ-ны гишүүн Ц.Мөнх-Оргил: С.Чинзориг та ҮХЦ дээр УИХ-ыг төлөөлж очсон гэсэн. Үнэхээр энэ заалт хууль зөрчсөн юм уу. Та нар хамгаалсан уу. Эсвэл ҮХЦ буруу ойлголт авч, хууль зөрчиж ийм дүгнэлт гаргав уу. Хоёрдугаарт, ирэх долоодугаар сарын 1-нээс ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч бид хуулиндаа өөрчлөлт  оруулах бол ямар агуулгатай өөрчлөлт оруулах вэ. 

0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх гэдэг дээр хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгож байгаа шд. Эцэг, эх хоёрт хоёуланд нь олгох ёстой юм уу. Эхээс гадна өрх толгойлсон эцэг гэсэн үг өгүүлбэр нэмэх ёстой юм уу. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Гэр бүл нийгмийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш оролцоотой гэсэн заалт хуульд бий. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах үүрэгтэй. Энэ заалтыг би ҮХЦ дээр хэлсэн ч ҮХЦ "хүйсээр ялгаварлан гадуурхаж байна" гэж үзсэн. 0-3 насны хүүхэдтэй эх өөрөө ажилдаа ороод эцэг нь хүүхдээ харвал зөвхөн эцэгт мөнгөн тэтгэмж олгоно. Одоо бол эх ажилдаа орвол эхэд өгч байсан тэтгэмжийг зогсоосон. Хүүхдээ харж буй эхийг л орлоготой болгохыг дэмжиж байгаа болохоос хоёуланд нь мөнгө олгоно гэсэн үг биш. ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авбал тэтгэмжийг үргэлжлүүлэн хүүхдээ харж буй эцэгт олгоно. Түүнээс биш хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй. 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн бөгөөд цэцийн дүгнэлтийн холбогдох заалтаар санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.