Хуурамч оргилуун дарс үйлдвэрлэсэн гэх "Цэс Хайрхан" ХХК албан ёсны мэдэгдэл хийнэ
Шинэ он солигдох торгон мөчид баярын зоогийн ширээний салшгүй зүйл нь оргилуун дарс билээ. Дэлхий даяар цар тахлаас улбаатай эдийн засгийн хямралтай нүүр тулсан үед иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг эрхэмлэж байна. Гэсэн ч иргэдийн итгэл үнэмшил, эдийн засгийн байдалд дөрөөлөн зарим үйлдвэрлэгч компаниуд хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэх мэдээлэл цахим сүлжээнд тавигдаад байгаа юм.
"Цэс Хайрхан" ХХК-ийн шинэ жилийн баярт зориулан дотооддоо үйлдвэрлэж, үйлдвэрийн үнэ буюу 7,000 төгрөгөөр хэрэглэгчдэд хүргэхээр зорьсон Luxurious нэртэй оргилуун дарсны гадна талд бүрсэн шошго наалтыг хуулж авахад дотроос нь Советское нэртэй, монголчууд бидэнд хэдийнээ танил болсон ОХУ-аас импортлон оруулж ирдэг оргилуун дарсны шошго гарч ирсэн бичлэг Facebook хуудсанд тавигджээ. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, боломжийн үнэтэй оргилуун дарсаар баярын ширээгээ чимэхийг хүссэн иргэдийн урам хугарч, цахим орчинд бухимдлаа илэрхийлж байна.
Бид энэ талаар тодруулахаар 10 гаруй жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн "Цэс Хайрхан" ХХК-ийн 7711-0969 дугаартай утсаар холбогдохыг оролдсон ч утсаа аваагүй ба борлуулалтын ажилтан гэж өөрийгөө танилцуулсан 9408-1200 дугаартай утаснаас үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулахад "манай компани импортын бүтээгдэхүүн оруулж ирдэг ч хуурамч оргилуун дарс үйлдвэрлээгүй. Энэ бол хоёр, гурван хүнд таарсан савлагааны алдаа. Манай компани даваа гарагт албан ёсны мэдээлэл хийнэ" гэсэн хариултыг өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.