Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй компаниуд гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй хохирч байна

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй зэвсэгт хүчний ахлагч, офицерууд өнгөрсөн наймдугаар сараас хойш цалингаа авч чадахгүй байгаа асуудлыг бид өмнө мэдээлсэн.

Уг мэдээллийн дараа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон туслан гүйцэтгэгч компаниуд, хувь хүмүүс 2020 оны наймдугаар сараас хойш гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй хохирч байгаа талаараа манай телевизэд мэдээллээ.

ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦОГЧ

Миний хувьд Өмнөговь аймгийн Манлай сумаас Цогтцэций хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтад өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн оролцож байгаа. Энэ хугацаанд 2020 оны зургадугаар сарыг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийг цаг тухай бүрдээ авч байсан бол долдугаар сараас хойш гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийг авч чадахгүй хохирч байна.

Манай байгууллага төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй “Монгол зам” компанид ковш түрээсэлдэг юм. Гэтэл тус компани эхэндээ цаанаас санхүүжилт орж ирэхгүй байна гэдэг байсан бол одоо бүр утсыг нь маань авахаа ч байсан. Бид бүр аргаа бараад ядаж манай жолооч нарын цалинг нь тавих хэмжээний санхүүжилт өгөөч гэж гуйхад “Цагаа тулахаар бид өөрсдийгөө л бодно шүү дээ”  гэж хэлдэг боллоо.

“Монголын төмөр зам” компанийн Ерөнхий санхүүчээс нь асуухаар санхүүжилт нь тэгж байгаад орж ирэх байхаа л гэж хэлэх юм. Ингэсээр байтал он гарлаа. Үнэхээр хэлэх ч үг олдохгүй байна.

Манай компани гүйцэтгэлийн төлбөртөө 25,000,000 төгрөг авах ёстой. Энэ мөнгөө авбал ажилтнуудынхаа цалинг тавьж, бусдаас авсан өр төлбөрөө төлмөөр байна. Үнэхээр хэцүүхэн байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байна гэв.

ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦОГЧ-2

Би Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт төмөр зам тавьж буй “Их модун” компанийн охин компани болох “Монгол зам групп” компанид туслан гүйцэтгэгчээр ажилласан. Манай компанийн хувьд замын даланг индүүдэх ажлыг гүйцэтгэсэн боловч өнгөрсөн долдугаар сараас хойш мөн л гүйцэтгэлийнхээ төлбөрийг авч чадахгүй хохирч байна.

Учир шалтгааныг нь асуухаар “Зүүнбаян төмөр зам” гэдэг шинэ компанид хамаг мөнгөө хийж түгчихээд байгаа гэж дууллаа. Тэр байгууллагын дарга нь ажилдаа жинхлэх гээд материал нь АТГ дээр хянагдаж байгаа гэсэн. Хэрвээ хянагдаад ажилдаа орж чадвал л мөнгө орж ирнэ гэж хэлэх юм. Би 26,000,000 төгрөгийн гүйцэтгэлийн төлбөрөө авахаар хүлээж байгаа. Их л чирэгдэж бухимдаж байна даа. Хөл хорио гээд бүх зүйл хаалттай байгаа учраас мөнгөнийхөө араас олигтойхон хөөцөлдөж чадахгүй байна. Яг над шиг гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй хохирч яваа 200-300 гаруй хувь хүн, туслан гүйцэтгэгч компаниуд байгаа байх гэлээ.

222

Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон компаниуд гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийг авч чадахгүй хохирч байгаа асуудлыг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас асуухад “Эрдэнэс-Тавантолгой компаниас санхүүжилтээ “Зүүнбаян-төмөр зам” компани руу шилжүүлсэн. Харин тэр байгууллагынх нь дарга нь томилогдож чадаагүй байгаагаас үүдэлтэйгээр тухайн санхүүжилтээ Монголын төмөр зам болон бусад байгууллага руу шилжүүлж чадахгүй байна” гэх тайлбарыг өгсөн юм.

Эх сурвалжуудын хэлж буйгаар Эрдэнэс-Тавантолгой ХК нь 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр төмөр замын бүтээн байгуулалтад оролцогчдын цалин хөлс болон гүйцэтгэлийн төлбөр болох 70 тэрбум төгрөгийг “Зүүнбаян-төмөр зам” компани руу шилжүүлжээ. Гэвч дарга нь ч томилогдоогүй, үйл ажиллагаа нь жигдрээгүй компани руу тэрхүү санхүүжилтыг өгснөөс үүдэлтэйгээр тухайн мөнгө нь гарч чадахгүй түгжигдэж ийм олон асуудлыг дагуулаад байгаа юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.