LIVE: П.Баярхүү: Бүхээгтээ 2-5 сар амьдарч байгаа жолооч нар руу нохой ч ойртохоос айж байна, Ерөнхий сайд аа
Гашуунсухайт, Цагаанхадан дахь тээврийн жолооч нарын нөхцөл байдал нүд халтирам байгааг Тээврийн жолоочдын холбооны дарга П.Баярхүү бидэнд бичлэгээр харуулав. Тэдний зарим нь 2-5 сар машиндаа амьдарч байгаа аж. Гэтэл гаалийнхантай сүлбэлдсэн компанийн тэргүүд оочер дайрч байгаад тэд бухимдалтай байгаагаа ийнхүү ярилаа.
Тээврийн жолоочдын холбооны дарга П.Баярхүү:
-Нүүрс тээврийн 2500 жолоочийн зарим нь бүхээгтээ 2-5 сар амьдарч байна. Энэ хүмүүс гаалийн хашааны гадаа, нүүрс авахаар зогсож байгаа хүмүүс. Гашуунсухайтад гаалийн 29 хашаа байдаг. Гэтэл ямар нөлөөнд орсон юм бүү мэд, гаалийн хүн ирээд дугаарлаад зогсож байгаа машинуудыг биш, ар өврийн хаалганы машинаа урдуур оруулаад аваад байна. Зарим өдөр ачдаггүй. Өглөө богдын боорцог тарааж байгаа юм шиг хүрч ирээд, арван машинд лац өгч, татчихаад яваад өгч байна. Жолооч нарыг дээд зэргээр тамлаж байна. Олон хоног, сар машиндаа хоносон жолооч нарын зарим нь зодолдоход бэлэн байна. Үүнээс нь болоод цагдаа нар бүү хэл нохой ч очихоос айж байна.
Гаалийн ерөнхий газрынханд хэлэхээр тоохгүй юм. Энэ 29 хашааны эзэн нь олдохгүй байна шүү дээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн жил хүрч ирж 8-9 асуудал шийдэж өгсөн. Одоо шударга ёсны сэлмээ дахин эргүүлмээр байна. Гаалийнханд шаардлага тавихаар "Шүүх, цагдаадаа өгөхгүй юу" гэж салаавч өгдөг. Шударга бус хүмүүсээ зайлуулж өгөөч гэж гуйж байна.
Тээврийн жолоочдын холбооны жолооч н.Батжаргал:
-Нэг сар явчихаад, хэд хоног амраад 12 сарын 10-нд гарч ирсэн. Оочер дайрахдаа мундаг шүү дээ. Захирлууд нь хоорондоо тохирдог юм уу, өнгө мөнгө яваад байна уу. Зарим жолооч нар нүүрэнд 25-6 хонож байна. Гаалийнханд ганц хоёр шаардлага тавихаар дугаар тэмдэглэж аваад, блоколдог. Ингэж л дарамталж байна шүү дээ.
-Та нар хоол ундаа яаж болгож байна?
-Машиндаа шд. Гар халаагч гэж байдаг. Нэг цэнэглээд гурав хоног барьдаг. Арав хоноход 30л, нэг явалтаар дунджаар 40-50л түлш зарцуулдаг. Бид нар ингэж сууснаас төрийн хэдэн дарга нарыг тэжээж байна. Уг нь бид ар гэрээ тэжээмээр байна.
Өнөөдрийн байдлаар нэг чиргүүлтэй машин 500 000төг, давхар чиргүүлтэй бол 1 000 000төгрөгөөр өгөхд орохгүй байна гэж байна. Жолооч нарын л яриа шд. Гэтэл 20 хоносон нэгэн байхад нүдэн дээр нь хоёр рэйс хийдэг жолооч нар байна. Өдөр бүр ачдаг бол бид нар дугаарлаж зогсоод, хэл ам гаргахгүй ээ. Өдөр бүр ачихгүйгээс гадна оочерын урдуур ороод байгаад бухимдаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.