СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-07

LIVE: Б.Батзориг: Бидний орлого бүрэн зогссоныг банк, ББСБ-ууд мэдэж байгаа хэрнээ зээлээ төл хэмээн дарамталж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Улс орон даяар хөл хорио тогтоосны дараа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, өдөр тутмын орлогоороо амжиргаагаа залгуулдаг иргэдийн амьдрал хүндэрсэн. Тэдний төлөөлөл болгож мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Халтар царайт энжил” ХХК-ийн захирал Б.Батзоригтой уулзаж ярилцлаа.

“Халтар царайт энжил” ХХК-ийн захирал Б.Батзориг:

Манай түрээсэлдэг байсан хоёр ажлын байрны түрээсийн сарын төлбөр нэг нь 1,000,000, нөгөөх нь 500,000 төгрөгийн үнэтэй. Тэг зогсолт хийх хугацаанд нэг лангууны түрээсийн төлбөр 30 хувь, нөгөөх нь 50 хувь буурсан. Гэвч тэгж хөнгөлсөн байлаа ч төлөх боломж бидэнд алга байна. Яагаад гэхээр ямар ч ажил олдохгүй, орлого бүрэн зогссон болохоор төлж чадахгүй шүү дээ.

Би энэ бизнесийг эхлүүлэх гэж 4-5 жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөж өдий зэрэгт хүргэсэн. Гэтэл төрөөс бүх үйл ажиллагааг маань зогсоосон атлаа түрээсийн төлбөр, банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эргэн төлөлтийг зогсоогоогүйн улмаас уналтад орж дампуурахад хүрч байна.

Бид энэ бүх тоног төхөөрөмжийг банк болон банк санхүүгийн байгууллагаас зээлж л бий болгосон. Гэтэл ямар ч ажил байхгүй, захиалга байхгүй, орлого байхгүйг мэдсээр байж банк, ББСБ-аас зээлээ төл, хүүгээ төл гэж өдөр бүр дарамталж байна. Ганцхан намайг ч биш. Надтай ижил амьдралаа залгуулдаг байсан бүх жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид энэ дарамтад орсон. Өдөр бүр бээлий хийж Нарантуулд аваачиж зардаг. Өдөр бүр нэг сандал угсарч түүнийгээ Хархоринд аваачин зарж амьдарлаа залгуулдаг хүн олон байдаг. Тэд өөрсдийнхөө амьдралыг иймэрхүү байдлаар авч яваад сурчихсан учраас, төрөөс өгдөг ямар нэгэн хөнгөлөлт дэмжлэгт авдаггүй байсан учраас өнөөдөр маш хүнд байдалд орчихлоо.

Төрөөс аж ахуйн нэгжүүдийгээ дэмжиж нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг хойшлуулна гэж байгаа атлаа хөрсөн дээрээ буугаагүй болохыг хүн бүр хэлж байна. Шинэ аж ахуйн нэгжүүд бүр 24 хувиар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа гэсэн. Төрөөс биднийг дэмжиж хөнгөлөлттэй зээл өгнө гэдэг боловч тэр нь бидэнд огт олддоггүй. Тэр зээлийг авахын тулд тухайн зээлийг авах шаардлагагүй гэж харагдахуйц баримт материалыг бүрдүүлэх шаардлагатай болдог юм гэсэн. Тиймээс ББСБ-аас өндөр хүүтэй зээлийг гуйж, түүж арайхийн авдаг даа.

Жинхэнэ жижиг, дунд бизнес эрхлэгчид бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлд хамрагдахын тулд бусдыг авлигадах ёстой юм шиг байгаа юм. Гэвч бид өдөр бүр ажиллаж, иргэдээс захиалга авч л амжиргаагаа залгуулдаг учраас дээгүүр доогуур таньдаг мэддэг хүн хайж, тэр авлигыг нь өгч чадахгүй, бас завгүй шүү дээ.

Төрөөс модон эдлэл, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нээнэ гэсэн атлаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан борлуулах дэлгүүрийг маань нээх зөвшөөрөл өгөөгүй. Түүгээр ч зогсохгүй, модон материалаар бараа бүтээгдэхүүн хийхэд шаардлагатай будаг, лаакны зөвшөөрлийг өгөөгүйгээс үүдэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах ямар ч боломжгүйд хүрээд байна. Бид том дэлгүүрүүдэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зарж чадахгүй. Өөрсдийнхөө байран дээрээ л зарж борлуулдаг байсан.

Хорио цээрийн дэглэмд шилжиж тэг зогссоноос үүдэлтэйгээр өндөр үнээр худалдан авсан тоног төхөөрөмж маань хөлдөж эвдэрсэн байна. Энэ төхөөрөмжийн сэлбэг монголд байхгүй. Хятад руу захиална гэхээр хил гаалиас болоод орж ирэхгүй удна. Энэ мэтчилэнгээр маш ихээр хохирч байна.

Цаашид хөл хориог сунгавал над шиг өдөр өдрийн орлогоороо амжиргаагаа залгуулдаг олон мянган залуусын амьдрал, бас арайхийн босгосон бизнес нь дампуурна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
64.119.24.242

Яг бодит амьдрал үнэн ийм б а банк бус ламборд бүгд утасдаад байгаа шүүдээ Засгийн газар 76 махан мануухайнууд бодит шийдвэр гаргаж чадахгүй ичиж үхмээр юмаа Зайлж зайгаа тавьж буян болоо ч

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.