ОХУ-ын нийслэл Москвагийн коронавирусийн ажлын алба тус хотын 70 клиникт "Спутник V" вакциныг тарааж эхэлснээ мэдэгджээ. Ийнхүү тус улсад коронавирусийн эсрэг олон нийтийн вакцинжуулалт албан ёсоор эхэлж байна.
Тус вакциныг хамгийн түрүүнд эмч, эмнэлгийн ажилчин, багш, нийгмийн ажилтан зэрэг халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүст тарих аж. Москвагийн нэгэн сургуулийн багшийн хүлээж авсан мессеж нь "Та боловсролын байгууллагад ажиллаж байгаа бөгөөд Ковид-19-ийн вакциныг үнэ төлбөргүй хийлгэх нэн тэргүүний шаардлагатай" гэсэн байжээ.
"Эхний таван цагийн дотор 5,000 хүн вакцин хийлгэхээр бүртгүүлсэн. Тэд бол өнөөдөр эрүүл мэнд, амь насаараа хамгийн их эрсдэлд орж буй багш, эмч, нийгмийн ажилтнууд" гэж хотын дарга Сергей Собянин өөрийн хувийн вэбсайт дээрээ бичжээ.
"Спутник V" вакциныг хоёр тарилгаар хийх бөгөөд хоёр дахь тунг эхний тарилгын өдрөөс хойш 21 хоногийн дараа хийх аж.
Харин тус вакцинжуулалтад хамрагдах боломжтой иргэдийн насны хязгаарыг 60 гэж тогтоосон байна. Түүнчлэн зарим эрүүл мэндийн суурь өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон сүүлийн хоёр долоо хоногт амьсгалын замын өвчнөөр өвдсөн хүмүүс тус вакциныг тариулах боломжгүй байна.
ОХУ коронавирусийн эсрэг хоёр вакцин боловсруулаад байгаа ба үүний нэг нь Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн дэмжлэгтэй "Спутник V" бол хоёр дахь нь Сибирийн Векторын хүрээлэнгийн вакцин юм. Гэвч одоогоор эдгээр вакцины эцсийн туршилтын шат дуусаагүй байгаа билээ.
Эх сурвалж: The Guardian