"БХ-30" Сууц өмчлөгчдийн холбоо өрх бүртээ 200-400 мянган төгрөг тараажээ
Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт орших “Барилгын хороо-30” СӨХ-ноос байрныхаа өрх тус бүрт 200-400 мянган төгрөг тараажээ. Учир нь тус СӨХ зоорийн давхараа түрээслүүлж, хадгаламж бүрдүүлдэг бөгөөд хадгаламжийнхаа хүүгээс оршин суугчдадаа ийнхүү хүртээж байгаа аж.
Цар тахлын хөл хорионоос үүдэн иргэд цалин орлогогүй байгаа үед нь дэм болох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан талаараа "БХ-30" СӨХ-ны дарга М.Отгон ийн ярилаа.
"БХ-30" СӨХ-ны дарга М.Отгон:
-Манай байр 1987 онд баригдсан. Бид зоорийн давхараа оёдол, хэвлэлийн цех зэрэг хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд багахан мөнгөөр түрээсэлдэг юм. Энэ түрээсийн мөнгөө хадгалдаг. Харин хадгаламжийнхаа хүүг байрныхаа өрхүүдэд дэм болгох үүднээс өнөөдөр тарааж байгаа юм.
Бүр анх байр баригдахад буюу 1987 онд орсон айлуудад 400 мянга, ороод удаагүй айлууддаа 200 мянган төгрөг өгч байна. Манай байр 30 айлтай.
Оршин суугч Б.Оюунчимэг: Манайх СӨХ-ны төлбөрт 6000 төгрөг л өгдөг
-Манайх байр баригдахад анх орсон айлуудын нэг. Өнөөдөр СӨХ-оос маань 400 мянган төгрөг өгсөн. М.Отгон эгчдээ маш их баярлаж байна. Манай СӨХ ганц энэ удаа ч биш угаасаа иймэрхүү үйл ажиллагаа тогтмол явуулдаг. Цагаан сараар айлууддаа өрөм, цагаан идээ өгнө, Эх үрсийн баяраар хүүхдүүдэд бэлэг тараана. Манай байр үргэлж цэвэрхэн байдаг. Манай СӨХ-ны төлбөрт ерөөсөө 6000 төгрөг л өгдөг. Хүмүүс ирээд л танай байранд байгаад баймаар байна гэдэг. Байрны гадаах цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж бүр үлгэр жишээ...
Ийнхүү цар тахлаас үүдсэн хөл хорио, өрхүүдийн болон улс орны эдийн засаг туйлдаж байгаа энэ үед төр засгийг царайчлалгүйгээр өөрсдөөсөө байгаа боломжоороо биесээ дэмнэж эхэлжээ.
"БХ-30" СӨХ-ны үйл ажиллагааны талаар оршин суугчид нь үргэлж ам сайтай байдаг аж. Тус байрны гадаах цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн зургийг танд хүргэж байна.




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.