Япон улс руу зорчих гэж байсан иргэд УОК-т хандан хүсэлт гаргажээ
Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Монголын талаас Япон улс руу энэ сарын 25-ны өдөр зорчих гэж байсан зорчигчдоос Улсын онцгой комисст хандан хүсэлт гаргажээ
Тус нислэг 11 дүгээр сард үйлдэгдэх хуваарьт нислэгт багтсан байсан хэдий ч хатуу хөл хорионы улмаас тодорхойгүй нөхцөл байдлын улмаас хойшлогдоод байгаа билээ.
Уг хүсэлтэд:
Улаанбаатар-Токио чиглэлийн 11 дүгээр сарын 25-ны өдрийн тусгай үүргийн нислэгт зорчихоор бүртгүүлсэн иргэд бид улс оронд үүссэн онцгой нөхцөл байдлын улмаас тусгай үүргийн нислэг хойшилсныг гүнээ хүндэтгэн ойлгож байна.
Гэвч бид энэ оны хоёрдугаар сараас хойш Япон улс руу явахаар төлөвлөж, бүх ажил төрлөө зохицуулж, боломжит нислэгийн бүртгэл бүрийг удаан хугацаанд тэвчээртэйгээр хүлээж өнөөдрийг хүрсэн боловч нислэг маань цуцлагдлаа. Энэ хирээр хичээл сургууль, гэрээт ажил, хугацаа маань хойшлогдож, бид санхүү болоод сэтгэл санааны маш хүнд байдалд ороод байгааг ойлгон хүлээн авна уу.
Иймд асуудлыг аль болох бидний талд нааштайгаар шийдвэрлэнэ үү хэмээн хүсч байна.
Учир нь Япон улсын гаднаас хүн хүлээн авах нөхцөлд тусгаснаар халдварын тархалт байхгүй болон хамгийн бага тархалттай 10 орныг сонгон авахад манай улс багтсан билээ. Бидний хувьд энэ сардаа багтаж тус улсыг зорихгүй л бол Монгол Улсад гарч буй өнөөгийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд биднийг хүлээн авахгүй байх эрсдэл үүсч мэдэхээр байна.
11 дүгээр сард төлөвлөж байсан тусгай үүргийн онгоцыг Улаанбаатар-Токио чиглэлд нэг талдаа иргэдийг зорчуулж, нөгөө талдаа эм эмнэлэгийн хэрэгсэл тээвэрлэх чиглэлээр нислэг үйлдэх боломжийг гаргаж өгнө үү хэмээн хүсч байна. Бидний дунд COVID-19-ийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан гуравдагч орон луу транзитаар нисэхээр төлөвлөж, хатуу нөхцөлтэй тийз захиалсан, буцаалт хийх боломжгүй тодорхой хүмүүс байгаа тул энэ сарын 25-ны нэг талт нислэгийг үйлдэж өгөх боломжийг судалж, хариу илгээнэ үү хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна.
Хэрэв уг нислэг үйлдэгдвэл бид бүгд иргэн хүнийхээ үүргийн хүрээнд халдвар хамгааллын горимоо хатуу чанд сахиж, ар гэр, бусад хүнээр гаргуулж олон хүн бөөгнөрүүлэхгүйгээр зөвхөн өөрийн биеэр очих болно гэдгээ амлаж байна.
Хүндэтгэсэн, 11 дүгээр сарын 25-ны Улаанбаатар-Токио чиглэлийн нийт зорчигчид гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.