LIVE: Худалдаачдын машиныг оруулахгүй хааснаас "Бөмбөгөр" худалдааны төвийн мах, ногооны лангуу хоосорчээ

"Худалдаачдын машиныг оруулахгүй хааснаас "Бөмбөгөр" худалдааны төвийн мах, ногооны лангуу хоосон байна" гэсэн мэдээллийн дагуу бид сурвалжиллаа. Гэтэл үнэхээр ийм асуудал гарсан болохыг лангуу түрээслэгчид, тус худалдааны төвийн гүйцэтгэх захирал болон үнэ ханшийн шалгалтын ажлаар яваа ШӨХТГ-ын албан хаагчид баталлаа. 

Хатуу хөл хорио тавьсантай холбоотойгоор хувийн тэргээр зорчихыг хориглосон. Энэхүү хатуу шаардлагад тус худалдааны төвд мал мах, хүнсний ногоо зөөдөг түрээслэгчид өртөж, өнөөдрийн байдлаар таван лангууны хоёр нь л махтай байна. Хоосон лангуу харсан үйлчлүүлэгчид үймэн сандарч байгаа талаар тус худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл өгүүллээ. 

Харин тус төвд махны лангуу ажиллуулдаг эмэгтэй "Муур хулгана болж, тойрч явсаар арай гэж махаа оруулж ирсэн. Махтай машин оруулахгүй, зүгээр л яв гэсэн шаардлагыг цагдаа нар тавьж байсан" гэлээ. 

Тус худалдааны төвд шалгалтаар яваа ШӨХТГ-ын байцаагч н.Наранцэцэг "Энэ байдал дээр маргаашаас арга хэмжээ авахгүй бол иргэд бухимдалтай байна шүү" гэдгийг анхааруулав. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.