Цагаачдын сууж явсан усан онгоц живж, 140 хүн энджээ

Өнгөрсөн амралтын өдөр Сенегал орчимд цагаачдын хөлөг онгоц осолдож, дор хаяж 140 хүн амиа алдсан болохыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас мэдээлэв.

Зорчигчдоос ердөө 59 хүнийг аварч чадсан гэдгийг албаныхан тэмдэглэжээ.

Сенегалын эргээс Канарын арлуудыг зорьсон завинуудын тоо сүүлийн хэдэн долоо хоногт мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд энэ удаагийн ослоор хамгийн их хүн эндсэн гэж НҮБ-ын Цагаачлалын агентлагаас онцолсон юм. Өнгөрсөн сард нийт 14 завь ижил төрлийн аялалд гарсан бөгөөд тэдний дөрөвний нэг орчим нь аливаа асуудалтай тулгаран, эсвэл осолдсон гэх мэдээлэл байгаа аж.

 Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Сенегалын төлөөлөгчийн газрын дарга Бакари Думбиа энэ талаар "Цөхрөнгөө барсан залуучуудыг ашигладаг хүний наймаа, хууль бус тээвэрлэгчдийн сүлжээг татан буулгахын тулд Засгийн газар, тэдний түнш болон олон улсын хамтын нийгэмлэгүүдийн хоорондын хамтын ажиллагааг уриалж байна" гэв.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.