Моллай аварга Монголын далбааг мандууллаа
Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн Унгарын их дуулга тэмцээний хоёр дахь өдөр Монгол улсын тамирчин, дэлхийн аварга Саид Моллай хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний хоёр дахь өдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жин, эмэгтэйчүүдийн -63кг, -70кг жингийн барилдаанууд явагдлаа. Энэ өдөр манай улсаас найман тамирчин барилдсанаас эрэгтэйчүүдийн -81кг жинд барилдсан Саид Моллай урамтай сайхан барилдаануудыг үзүүлж хүрэл медаль хүртлээ.
Ингээд Моллай аваргын бүх барилдааны бичлэгийг толилуулж байна.
D хэсгийг тэргүүлэн барилдсан 2017 оны дэлхийн аваргын хүрэл, 2018 оны дэлхийн аварга Монгол улсын тамирчин Сайд Моллай хоёрдугаар тойрогт Туркын залуу бөхийг цэвэр ялсан.
Гуравдугаар тойрогт Шведийн Р.Пакектэй мөн цэвэр ялсан.
Хэсгийн аваргын төлөө Францын залуу бөхийг аанай л цэвэр ялсан.
Хагас шигшээ барилдаанд Лондон 2012 олимпийн хүрэл, дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Канадын алдарт Валоис Фотер Антонитэй барилдан харамсалтай нь нэмэлт цагт ялагдлаа. Хоёр бөхийн хувьд урьд нь гурван удаа таарч байсан ба хамгийн сүүлд өнгөрсөн жилийн ДАШТ-д Моллай аварга давж байсан түүхтэй.
Моллай аварга хүрэл медалийн төлөө 2015 оны залуучуудын дэлхийн аварга Голландын Де Вит Франктай урамтай сайхан барилдаж цэвэр ялснаар хүрэл медалийн эзэн боллоо. Хоёр бөхийн хувьд өмнө нь зургаан удаа таарч барилдахад Моллай аварга дөрвөн удаа давж байлаа.
Өнөөдөр хүнд жингийн барилдаан явагдах ба Улаанбаатарын цагаар 18:00 эхлэх хэсгийн барилдааныг манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.