Г.Ёндон сайд байгууллагынхаа 10,700,000 төгрөгөөр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлжээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Гэлэнгийн Ёндонгийн өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотой ноцтой баримт олон нийтэд задарлаа.
Тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар томилогдож байсан бөгөөд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш ердөө тавхан сарын дараа байгууллагынхаа 10,700,000 мянган төгрөгөөр Гёте бүрэн дунд сургуульд сурдаг хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлж байсан байх юм.
Уг төлбөрийн даалгавар 2019 оны есдүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн байх бөгөөд гүйлгээний утган дээр Гёте бүрэн дунд сургуулийн 6А ангийн сурагч Ёндонгийн Арвис, 2А ангийн сурагч Ёндонгийн Амира гэсэн байгааг та бүхэн харж байна.
Г.Ёндон нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх үедээ сард дунджаар 17,000,000 төгрөгийн цалин хангамжийг авдаг байсан атлаа нэмж байгууллагынхаа хөрөнгөөр хүүхдүүдийнхээ төлбөрийг төлүүлсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байна.
Уг асуудлаар хариу тайлбар авахаар Г.Ёндон сайдын гар утас руу удаа дараа залгасан боловч тэрбээр утсаа авсангүй.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.