ТАНИЛЦ: Ипотекийн зургаан хувийн зээл олгож эхэлсэн банкууд
Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс арилжааны банкууд олгож эхэлнэ гэдгийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдрийн чуулганы үеэр мэдэгдсэн.
Ипотекийн 8 хувийн зээл авч байгаа хүмүүсийн өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байх ёстой байсан. Энэ нөхцөлд иргэдийн 90 гаруй хувь нь ипотекийн зээл авах боломжгүй байсан юм.
Зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлого нь 1 сая төгрөгт хүрсэн өрхүүд энэ зээлийг авах нөхцөл бүрджээ. Гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгох зорилгоор ийнхүү хүүг 2 нэгжээр буулгасан байна. Арилжааны банкууд 40 тэрбум, Монголбанк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ.
Энэ зээлийг 8 хувийн хүүтэй зээлийг олгоход баримталдаг журмын дагуу олгоно. Мөн өмнө нь 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь болгон бууруулахгүй гэдгийг Төв банкнаас мэдэгдсэн юм.
Энэ талаар БХБЯ-ны ахлах мэргэжилтэн Э.Батболд: Өнөөдрийн байдлаар ипотекийн 8 хувийн зээлтэй 100 мянган иргэн бий. Тэдний зээл 4.9 их наядаар хэмжигдэж байгаа. 8 хувьтай зээл авсан иргэдийг 6 хувь руу шилжүүлэхэд Засгийн газраас 360 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Манай улсын хувьд энэ хэмжээний санхүүжилт хийх боломжгүй тул нэгэнт байр авсан хүмүүсээ дахин санхүүжүүлж байгаагаас шинээр зэх зээлээс 6000 айлыг орон сууц авах боломжийг шинэ зээлдэгч нартаа олгох зүйтэй гэж үзсэн.
Ингээд шинээр орон сууц авах иргэд ипотекийн 6 хувьтай зээлд хамрагдах боломжтой. 8 хувийн зээлтэй иргэд зээлээ төлж дуусаад шинээр орон сууц авах тохиолдолд 6 хувиар зээлээ авах боломж нээлттэй.

Тэгвэл арилжааны банкууд 6 хувийн ипотекийн зээл олгох материал хүлээн авч байгаа эсэхийг тодрууллаа.
- “Голомт” банкнаас тодруулахад одоогоор бүрэн чиглэл өгөөгүй байгаа тул 6 хувийн ипотекийн зээл олгохгүй байгаа. Гэхдээ удахгүй олгож эхэлнэ гэдгийг дурдлаа.
- “Худалдаа хөгжлийн банк”-ны хувьд ипотекийн 6 хувийн зээл олгож эхэлсэн байна. Шинээр байр авах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авч байгаа ч эхний ээлжид материалаа өгсөн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Харин шинээр хүсэлт өгч байгаа иргэдийн хувьд хүлээгдэх болно гэдгийг дурдсан юм.
- “Хаан” банкнаас тодруулахад шинээр орон сууц авах хүсэлтэй байгаа иргэдэд ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгох материалыг хүлээн авч байгаа. Зээлийн материал өгөхөөр бол ямар зээлийн төвд хандахыг лавлах утаснаас лавлаж асуухыг сануулсан юм.
- “Төрийн банк”-ны хувьд одоогоор ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг олгож эхлээгүй гэнэ. Тун удахгүй чиглэл өгөхөөр зээл олгож эхэлнэ гэдгийг дурдлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.