Интернэт, цахим тоглоом таны хүүхдийн том дайсан
Сайн байна уу эрхэм уншигчид аа. LIVETV.MN онлайн тв, сайтын “Сэтгэлзүйчийн булан”-г ЦЕГ-ын гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн сэтгэлзүйч, цагдаагийн дэслэгч Ч.Нармөнх миний бие, “Сэтгэлийн анир” төвийн сэтгэлзүйч О.Оюунбилэгтэй хамт хөтлөн та бүхний гэр бүл, үр хүүхэд, амьдрал, ажилд тань тулгарч буй асуудлуудад туслах зорилгоор зөвлөгөө өгөхөөр боллоо. Миний бие МУИС-ийн НУФ-ийн сэтгэл судлалын ангийг сэтгэл судлаач мэргэжлээр дүүргэсэн, магистр цолтой. Та бүхэн өөрт тулгамдаж буй асуудлаа сэтгэгдэл хэсэгт бичин үлдээж, эсвэл chunara45@gmail.com хаяг руу илгээж зөвлөгөө авч болно.
Цахим хэрэглээг зөв болгоё, хүүхдүүд ээ

Засгийн газрын ”Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай албан даалгаврыг 2018-2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нийслэлийн ерөнхий боловсролын 11 сургуулийн 894 суралцагчид “Замын хөдөлгөөний дүрэм”, “Хулгайн гэмт хэргийн талаарх ойлголт, хор уршиг“, Цахим хэрэглээний сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.


Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн Ерөнхий Газартай хамтран ухуулга, нөлөөллийн “Цахим орчинг зөв болгоё” аяныг 11 дүгээр сарын 01-нээс эхлүүлсэн. Дээрх хөтөлбөр, аяны хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 3 сургуулийн 4-8 дугаар ангийн 162 сурагчдад “Цахим донтолт, цахим хэрэглээний сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт орж, “Интернэтийн хэрэглээг үнэлэх асуулга”, “Компьютер тоглоомын хамаарлыг тодорхойлох асуулга” гэсэн хоёр төрлийн судалгааг авч үр дүнг боловсруулан, тухайн сургуулийн захирал, анги удирдсан багш нарт танилцуулж, зөвлөмж боловсруулан хүргүүлсэн юм. Сургалтын явцад дээрх асуулгын үр дүнг сурагчдад тухай бүр танилцуулж цахим орчны сөрөг нөлөөллийн талаар ойлголт өгч, цахим донтолтод өртөхөөс урьдчилан сэргийлэх сэтгэлзүйн боловсрол олгож, мэдээллээр хангав.


“Интернэтийн хэрэглээг үнэлэх асуулга”-аар судалгаанд хамрагдсан сурагчдын 88 хувь нь интернэтийг ердийн хэмжээнд, 10 хувь нь интернэт хэтрүүлэн ашиглаж өөрсдийн эрүүл мэнд, нийгмийн харилцаанд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй байдлаар хэрэглэж байна.
“Компьютер тоглоомын хамаарлыг тодорхойлох асуулга”-аар судалгаанд хамрагдсан сурагчдын 75 хувь нь компьютер тоглоомын хамааралгүй, 19 хувь нь компьютер тоглоомын хамааралд орох эрсдэлтэй, 1.8 хувь нь компьютер тоглоомын хамааралтай гэж судлагджээ. Сурагчдын 20.8 хувь нь өөрсдийн эрүүл мэнд, нийгмийн харилцаанд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй байдлаар ухаалаг утас, таблет, суурин болон зөөврийн компьютер ашиглан компьютер тоглоом тоглож буй.
Интернэтийг ердийн хэмжээнд хэрэглэж байгаа гэж судлагдсан 143 сурагчдын 15 хувь нь цаашид интернэтийг хэтрүүлэн хэрэглэж болзошгүй байгааг өөрт нь болон эцэг, эхэд нь анхааруулах, эцэг эхийг зөвлөгөө, мэдээллээр хангах шаардлагатай юм.


Судалгаанд хамрагдсан сурагчдын 10% нь интернэт хэтрүүлэн ашиглаж байгаа тул өөрт нь болон эцэг эхэд сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх нь зүйтэй.
Компьютер тоглоомын хамааралд орох эрсдэлтэй 19%, компьютер тоглоомын хамааралтай 1.8%, нийт сурагчдын 20.8%-д цахим донтолтын асуудлаар мэргэшсэн сэтгэл зүйчийн болон хүүхдийн сэтгэцийн эмчийн зөвлөгөө, тусламж авах шаардлагатай.
Цахилгаан соронзон долгионы цацраг хүүхдийн дархлааг бууруулдаг


Европод хийгдсэн судалгааны үндсэн дээр эрдэмтэд хүүхдийн интернэт хэрэглэх, зурагт үзэх, компьютер тоглоом тоглох цагийг насны хязгаартайгаар тогтоож өгчээ. Ингэхдээ 0-2 насны хүүхдэд цахим орчныг хориглох, 2-5 насны хүүхдэд өдөрт 1 цагаас, 5-18 насны хүүхдэд 2 цагаас хэтрүүлэхгүй байх нь муу нөлөө багатай болохыг эцэг, эхэд зөвлөсөн байдаг.
Европын орнуудын “Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар үндэсний зохицуулах хорооноос хүүхдийн тасралтгүй интернэт хэрэглэх, компьютер тоглоом тоглох цагийг нарийвчлан тогтоосон байдаг.
* 5 хүртэлх насны хүүхдийг тоглохыг хориглох
* 5-9 насны хүүхдийн нэг удаа тасралтгүй тоглох цагийг 20-25 минут
* 9-12 насны хүүхэд 30-40 минут
* 12-18 насны хүүхэд 40-50 минут байхаар тогтоож өгсөн байна.
Цахим төхөөрөмж /таблет, ухаалаг утас, зөөврийн болон суурин компьютер/ ашиглахын сөрөг хүчин зүйлс нь
* Удаан хугацааны туршид суугаа байдалд байх
* Цахилгаан соронзон долгионы нөлөө
* Хурууны сарвууны хэт ачаалал
* Харааны хэт ачаалал
* Мэдээ алдах үеийн стресс
Биеийн байрлал болон булчингуудын ачааллын үр дагавар болж остеохондроз болоод хүүхдүүдийн хувьд сколиаз үүсдэг. Компьютерийн ард удаан сууснаар сандал болон биеийн хооронд дулааны процесс үүсэж, бүсэлхий хавийн эрхтэнүүдэд цусны эргэлт удааширна. Үүний улмаас урт болон богино хугацааны эмчилгээ шаардсан өвчлөлүүд үүсэж болно. Цахилгаан соронзон долгионы цацраг нь хүүхдийн дархлааг бууруулахад хүргэдэг гэдгийг эрдэмтэд анхааруулж буй.
Интернэт, компьютер тоглоом таны хүүхдийн том дайсан


* Хүүхэд сургууль, гэр бүлийн орчин, чөлөөт цагаа өнгөрүүлэх хэв маягтаа сэтгэл хангалуун байгаа эсэхийг мэдэх, ямар нөхцөл байдлын улмаас хүүхэд тань цахим орчинд удаан хугацаагаар цагийг өнгөрөөх болсныг асууж мэдэх.
* Цахим төхөөрөмж /таблет, ухаалаг утас, зөөврийн болон суурин компьютер/-ын ард хэтэрхий их цаг зарцууллаа гэж хүүхдээ шүүмжлэхгүй байх
* Хэрэв таны хүүхдэд интернэт болон компьютер тоглоомын хамаарлын шинж тэмдэг илэрч байвал нөхцөл байдлыг улам хүндрэхээс өмнө эмч, сэтгэлзүйчид хандаж зөвлөгөө, тусламж авах
* Хүүхдийнхээ шимтэн үзэж буй зүйл, тоглож буй тоглоомоор дамжуулан хүүхдийнхээ хүсэл сонирхлыг мэдэж авах, ингэснээр эцэг, эх хүүхдийн харилцаа ойртож, тэдэнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно.
* Хүчирхийллийн өнгө аястай тоглоом, кино хүүхдүүддээ үзүүлэхийг хязгаарлах хэрэгтэй.

СУДАЛГАА ХИЙСЭН
ЦЕГ-ЫН ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХЭЛТСИЙН
СЭТГЭЛ ЗҮЙЧ, ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ Ч.НАРМӨНХ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.