- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваатай ярилцлаа.
-Таныг намаасаа дөрвөн жилийн хугацаатайгаар хөөх шийдвэрийг С.Эрдэнэ дарга гаргажээ. Таны байр суурийг сонирхъё?
-Яг үнэндээ би ийм шийдвэр гарсныг мэдээгүй. 10 дугаар сарын 23-ны өдөр би хөдөө яваад 11 дүгээр сарын 4-ний шөнө ирсэн. Ням гараг байлуу даа. 11 дүгээр сарын 5-ны өдөр намайг намаас минь хассан шийдвэр гарсан болохыг интернэтээс олж харлаа. Ямар учир шалтгаанаар намайг намаас хөөсөн болохыг би мэдээгүй байна. Интернэтээс авсан мэдээллээр бол Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгуультай холбогдуулж, БЗД-ийн эмэгтэй гишүүд үзэл бодлоо илэрхийлсэн байна лээ. Тэднийг намайг зохион байгуулсан гэж хардаж байгаа юм болов уу гэж ойлгосон.
-Өөрөөр хэлбэл та намаас хөөсөн шийдвэрийг огт мэдээгүй гэсэн үг үү?
-Тийм. Энэ талаар тодруулахаар намынхаа дарга С.Эрдэнэтэй уулзах гэсэн боловч гадагшаа явчихсан байна лээ. Өнгөрсөн долоо хоног дөрвөн өдрийн амралт таарсан. Ажлын долоо хоног эхэлж байна. Учир ухаан нь олдох байгаа. Намын дарга, намын хэвлэлийн алба ч гэж байна. Тэд бас яагаад намаас гишүүнээ хөөх болсон талаар тайлбар хийх байлгүй дээ.
Хуучин коммунист нийгэм биш дээ энэ чинь. Одоо Ардчилсан нийгэмд өөрт нь мэдэгдэлгүйгээр хаа хамаагүй зүйлээр, дүрэм зөрчсөн нь нотлогдоогүй байхад хүнийг намаас хөөж байгааг би гайхаж байна
-Танай БЗД-ийн зарим эмэгтэй гишүүд АЭХ-ны сонгуультай холбогдуулж, намын дарынхаа өөдөөс хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байгаа бичлэг цацагдсан байна лээ? Та энэ явдлыг мэдсэн үү?
-Би нэг зүйл харуулъя. Энэ албан томилолтын баримт байна. Би Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудаар нийт 13 хоног ажиллаад ирсэн. Тэр АЭХ-ны сонгууль болох үеэр би Улаанбаатар хотод байгаагүй. Цахим ертөнцөөр л харсан. БЗД-ийн эмэгтэй гишүүд сонгох эрхээ эдлэх гэтэл нэрсийн жагсаалтаас хассан байсан юм байна. Тэд эрхээ эдлэхийг шаардсан юм билээ.
Нэгдүгээрт, би БЗД-ийн АН-ын дарга биш. Өмнө нь энэ ажлыг хийж байх үед бол надтай хамаатуулж болно. Одоо энэ албан тушаал дээр Д.Нүрзэд гэж залуу ажиллаж байгаа. Эмэгтэй улс үзэл бодлоо илэрхийлж байхад хаа байгаа хөдөө явж байсан би яагаад холбогдов гэдгээ өөрөө ч сайн ойлгохгүй байна.
Хоёрдугаарт, намын дүрэмд ч заасан байгаа. Ямар нэгэн хүнд шийтгэл ногдуулах гэж байгаа бол өөрийг нь оролцуулмаар юм. Хуучин коммунист нийгэм биш дээ энэ чинь. Одоо Ардчилсан нийгэмд өөрт нь мэдэгдэлгүйгээр хаа хамаагүй зүйлээр, дүрэм зөрчсөн нь нотлогдоогүй байхад хүнийг намаас хөөж байгааг би гайхаж байна. Би намаа муулахгүй, олон мянган эрүүл саруул үзэл бодолтой гишүүд байгаа. Учир начир нь олдох байлгүй дээ.
-АЭХ-ны тэргүүнийг сонгох сонгуулийн үеэр танай дүүргийн эмэгтэй гишүүд ямар шалтгааны улмаас намын даргынхаа өөдөөс эсэргүүцэл илэрхийлсэн юм бол. Бас таныг яагаад энэ асуудалтай хамаатуулав?
-Би харин мэдэхгүй байна л даа. Шалтгааныг нь олоогүй, үндэслэл нь юу юм бэ гэдгийг олж мэдэх байх л гэж бодож байна. БГД-ийн засаг дарга С.Одонтуяа 2016 оны сонгуулиар УИХ-д манай намаас нэр дэвшээд ялагдсан. Намаа ялагдуулсан учраас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвших эрхгүй гэж БЗД-ийн зарим эмэгтэй төлөөлөгчид үзсэн юм билээ. Тэгсэн Баянзүрхийн хурлыг нь Баянголд зохион байгуулаад, тухайн гишүүдийн нэрийг нэрсийн жагсаалтаас хассан учраас тэр эмэгтэйчүүд бухимдаж, үзэл бодлоо илэрхийлсэн юм билээ. Тэрийг би гэлтгүй бүх улс л харж байгаа байлгүй дээ.
-БЗД-ийн НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Л.Батдэлгэр, ахмад гишүүн М.Ихцэнгэл, Г.Мянганбаяр нарыг мөн өнгөрсөн долоо хоногт намын гишүүнчлэлээс хассан шийдвэрийг БЗД-ийн АН-ын дарга Д.Нүрзэд гаргажээ. Таныг намаас хөөсөн асуудалтай энэ асуудал холбогдох уу?
-Ер нь бол нийт улсын хэмжээгээр хэдэн хүн манай намаас хөөгдөж байгааг би мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар ил гарсан нь л энэ шүү дээ. Тэр дөрвийг намаас хөөсөн асуудлыг мөн адил АЭХ-ны тэргүүнийг сонгох сонгуультай холбож байгаа юм болов уу гэж харж байна. Надад яг одоогоор дүрмийн хорооноос тодорхой үндэслэл хэлээгүй л байна. Удахгүй тодорхой болох байлгүй дээ.
-Хэвлэлээр явж байгаа бас нэг таамаг байна. Та өөрөө 2016 оноос хойшхи бүх шатны сонгуульд БЗД-ийн АН-ыг удирдан орж, танай дүүрэг ганцаараа ялалт байгуулсан байдаг. Гэтэл яагаад С.Эрдэнэ даргын талын хүн гэгдэх Д.Нүрзэдийг БЗД-ын АН-ын даргаар сонгох болов?
-2017 оны наймдугаар сард би БЗД-ын АН-ын даргын үүрэгт ажлаа өгсөн. Намын дүрмээрээ л нэр дэвшээд гарсан байх. Би Д.Нүрзэдийг С.Эрдэнэ даргын талын хүн ч гэдэг юм уу аль нэг фракцын хүн гэж харахгүй байна. Намын хөгжилд амжилт үзүүлье гэсэн залуу юм болов уу гэж найдаж байна. Явцдаа асуудал тодорхой болох байх. Өнөөдөр яаруу сандруу үнэлэлт дүгнэлт өгмөөргүй байна.
-Т.Батцогт НИТХ-ын төлөөлөгч, Л.Батдэлгэр нь БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч. Сонгогчид энэ хоёрыг АН-ын гишүүн гэдгээр нь сонгосон. Гэтэл энэ хоёр маань намаасаа хөөгдчихлөө. Сонгогчдын эрх ашигт нөлөөлөх үү?
-Намуудын тухай хуульд зааснаар бол намын дотоод асуудал дүрмээрээ шийдэгддэг. Сонгогчдод нөлөөлөхгүй. Намын мөрийн хөтөлбөрийг сонгогчдод танилцуулдаг, түүнийгээ хэрэгжүүлдэг. Нэр дэвшигч Т.Батцогтын мөрийн хөтөлбөр гэж байхгүй. Тэгэхээр энэ дээр сонгогчдын эрх ашигт нөлөөлөх зүйл байхгүй л дээ. Мөрийн хөтөлбөр хэрэгжээд л явна. Урьд өмнө нь ийм нөхцөл үүсч байгаагүй болохоор би сайн мэдэхгүй байна л даа.
-Ярилцсанд баярлалаа.