Хүрэлцэхүйн өлсгөлөн. 8 тэврэлт

Монголчуудыг маш омогтой, түрэмгий хүмүүс хэмээн дүгнэсэн дүгнэлтүүд маш олон байдаг. Түүнчлэн жил бүр гаргадаг олон улсын аз жаргалын индексээрээ Монгол Улс 101 дүгээр байранд бичигджээ. Бид яагаад ийм аз жаргалгүй, яагаад ийм бухимдалтай байна вэ? Өнөөдөр та 8 удаагийн тэврэлтийг хүмүүсээс авч чадсан уу? Та 8 хүнийг тэвэрч чадсан уу? гэдэг асуултаар өгүүллээ эхлүүлье.
Бид бухимдалтай, ууртай байгаагийн энгийн 1 шалтгаан нь хүрэлцэхүйн өлсгөлөнд хэт нэрвэгдсэнийх биз. Хүрэлцэхүйн өлсгөлөн гэдэг аливаа зүйлд хүрэлцэж авах мэдрэмжийн дутагдал буюу хоосон байдлыг хэлнэ. Хүүхдийн орчин тойрноо танин мэддэг хамгийн чухал бөгөөд энгийн арга нь хүрэлцэх байдаг. Багадаа ээж нь бага тэвэрсэн эсвэл тэврэхгүй байх нь сэтгэцийн хөгжилд асар муу нөлөөтэй. Эхийн хайр халамж, тэврэлт, үнсэлтээр дутагдсан хүүхэд нэг бол түрэмгий нэг бол бүрэг даруу болон өсдөг. Хүүхдийн хувьд хайрлуулах, хайрлах хэрэгцээ нь хамгийн чухал бөгөөд суурь хэрэгцээ юм. Хүрэлцэхүй нь маш их мэдээлэл өгдөг. Бид өөр хэн нэгэнд хүрмэгцээ л тухайн хүнийг хүлээж авах эсэхээ мэдрэмжийн түвшинд тодорхойлдог. Энэ нь ихэнх тохиодолд зөв байдаг. Өсөж том болох тусмаа бид эргэн тойрны эд зүйл, ойр дотны хүмүүстээ хүрэлцэх нь багасдаг. Бусдын хувийн орон зайд халдах нь буруу санагдаж, бид ч өөрсдийн тухтай байдлын орон зайг хамгаалдаг. Тухтай байдлын орон зай нь сунгасан гарын хэмжээтэй буюу монгол хэмжүүрээр бол дэлэм хэрийн зай. Бид ийм л зайг хамгаалан, халдсан тохиолдолд дургүйцэн эсэргүүцдэг. Ийм л маягаар бидний хүрэлцэхүйн өлсгөлөн өдрөөс өдөрт нэмэгдсээр л байдаг. Хамтын спортын төрлүүд, бөхийн спорт, бүжиг, тогтмол бэлгийн харилцаа нь бидний хүрэлцэхүйн өлсгөлөнг нөхдөг боловч илүү энгийн дөт арга бидэнд байдаг. Энэ бол тэврэлт. Эрдэмтэд тэврэлт богино хугацаанд сэтгэл сэргээж, өвдөлт намдааж, эрч хүчээр сэлбэдэг болохыг нотолсон. Эхнэрээ тэвэрдэг, үнсдэг эрчүүд илүү амжилттай байдаг гэдэг шүү дээ. Өдөрт 8 тэврэлтийг авснаар дархлаа сайжирч, цусанд дахь улаан эсийн хэмжээ нэмэгдэж, эндорфин хэмээх аз жаргалын даавар ялгарч, төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг.
20-45 насныхны 100 эрэгтэй, 100 эмэгтэйн дунд хийсэн судалгаагаар эрчүүдийн 87 хувь нь тэврэлдэх дуртай, бусдыг тэврэхэд бэлэн байдаг гэсэн бол эмэгтэйчүүдийн 63 хувь нь тийм гэж хариулсан байна.
Хэрвээ та өдөрт найз нөхөд, гэр бүлийн хүмүүсээ өдөрт 8 удаа тэврэх боломжгүй хол амьдардаг, ганцаараа байдаг бол дараах аргууд танд тэврэлтийн мэдрэмжийг төрүүлж, хүрэлцэхүйг өлсгөлөнгөөс аврагдахад тусална.
1. Чихмэл тоглоом. Том болсон хүмүүс “том” болохоороо чихмэл тоглоом тэврэх нь утгагүй гэж боддог. Гэхдээ “том” хүмүүсийн дотор ч гэсэн сахилгагүй, сониуч хүүхэд одоо ч гэсэн байгаа гэдгийг санаарай. Чихмэл тоглоом нь сонгохдоо гол анхаарах зүйл нь түүнийг илэх, тэврэхэд танд сайхан сэтгэгдэл төрж байх ёстой гэдгийг санаарай
2. Том дэр. Жирэмсэний дэр ч байсан болно. Таныг бүхэлд нь хучиж, таныг тэвэрсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг.
3. Хөнгөн массаж. Эмэгтэйчүүд массажанд яагаад дуртай байдгийн учрыг эндээс л тайлж болно. Сэтгэл гутралтай хүмүүст массаж хийхэд стрессийн даавар болох кортизол хэмжээ буурч, хэрмэл нервийн идэвх сайжирч байгааг тогтоосон байна.
Гэхдээ ямар ч сайн арга олсон гэсэн хайртай хүмүүсээ тэврэхээс илүү тайтгарал өгөх шидэт эм байхгүй гэдгийг сайн санаарай. Өнөөдрөөс, өөрөөсөө өөрчлөлтийг эхлээд өдөрт 8 тэврэлтийг бусдад харамгүй хайрлая.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.