СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-06

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг сайдаас огцруулах асуудлыг хэлэлцэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

09 цаг 53 мин  

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 53 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан. Мөн энэ танилцуулгыг ч УИХ-ын чуулган дээр танилцуулсан юм. 

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ…Засгийн газрын гишүүн нь  Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно” гэж мөн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Ерөнхий сайд  “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж тус тус заасан гэдгийг дурдав. 

Батжаргалын Батзориг нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Жижиг, дунд үйлдвэрийн сантай холбоотой асуудлаар хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын  Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан. Иймд Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэн, танилцуулж байна гэж Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулгадаа дурдлаа. Асуулт асуух гишүүн байсангүй. 

 

11 цаг 20 мин

Харин УИХ-ын чуулган дээр хоёр гишүүн үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Зээл авсан хүмүүсийг нэг нэгээр нь оруулж ирээд байх юм. Кабинетийн асуудал яригдаж байгаа учир Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн юм. Мөн УИХ-ын Л.Болд "Сайдыг чөлөөлөхөөс өөр ямар чухал асуудал байгаа юм бэ. Үүнээс өөр чухал ажил Ерөнхий сайдад байгаа юм уу?" гэж хэллээ. 

 

11 цаг 52 мин

Ө.Энхтүвшин "Би сая Ерөнхий сайд ру утасдлаа. Наашаа хөдөлж байгаа юм шиг байна" гэв. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 11 цаг 52 минутад чуулганы танхимд хүрэлцэн ирлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

"Танай намын Ерөнхий нарийн бичгийн дарга хүртэл зээл авчээ. Энэ намын шийдвэр байна уу? Засгийн шийдвэр байна уу? Хоёр сайд уналаа. Гурав дахь, дөрөв дэх сайд унах гээд байна. Дахин давхар дээлтэй сайд оруулж ирэх үү? Ард түмэн бухимдалтай байна. Сайд Б.Батзориг ганцаараа шийдсэн асуудал биш байх. Хэн даалгавар өгсөн бэ?" гэж Ерөнхий сайдаас асуув. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Газрын тосны үйлдвэр бидний эцсийн найдлага. Жилд 1.5 сая тонн шатахуун үйлдвэрлэнэ. 2022 онд Нефтийн үйлдвэртэй болно. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхгүй. Цаасан мөнгө хэвлэхгүй. Шатахууны үнийг хүчээр барихгүй. Ард түмнээ хуурахгүй.

Зээл авсан асуудал буруу. Зээл авсан гишүүд танхимд сууж байна. Нам даалгавар өгөөгүй. Засгийн газрын тэргүүн тийм даалгавар өгөөгүй. Би тодорхой хэлж байгаа. Нэгд, авсан зээлээ төл. Хоёрдугаарт, уучлал гуй. Энэ МАН-д ч сургамж боллоо. Бусад намд ч сургамж боллоо. Хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой" гэлээ. 

Л.Болд: "Нэг сайд туг тахьсанаас хариуцлагаа бултах аргагүй. Ард түмнийг аргалаад явдаг асуудал биш. Ард түмэнд хэцүү байгаа. Амьдралаа хохирч байгаа олон мянган иргэний эрх энд хэлэлцэгдэж байна. Ерөнхийлөгчийн санал болгосончлон ардтүмэнд дүнгээ тавиад явах уу? Өнөөдөр сайдын асуудлыг, маргааш Прокурорын асуудлыг ярина" гэж үг хэллээ. 

 

12 цаг 09 мин

УИХ-ын гишүүн Б.Батзориг: "Жил гаруй хугацаанд сайдаар ажиллалаа. 18 сая төл хүлээн авсан. Монгол мал өссөн. Ноолуурын үнэ өссөн, малчид орлоготой болсон. Ерөнхий сайдад огцрох өргөдлөө өгсөн. Засийн газрын гишүүдээсээ, УИХ-ын гишүүдээсээ, хайрт ээжээсээ, салбарын хамт олноосоо уучлал гуйж байна" гэв. 

 

 Ж.Мөнхбат: "Ард түмний дунд уур хилэнгийн гал асаж байна. Үүн рүү наймын хувинтай ус хийж унтраах аргагүй боллоо. Нийгмийн шаардаад байгаа шударга ёс чухал уу, Засгийн газрын нэр хүнд чухал юм уу? Авсан зээлээ эргүүлж өгснөөр хариуцлагаас мултрахгүй гэж ард түмэн үзэж байгааг хаанаас ч харж болно. Гавьяат эргэн төлөгч, Гавьяат уучлал гуйгч цол өгөх үү гэж ярьж байна" гэлээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Ж.Мөнхбаттай санал нэг байна. Өнөөдөр түүхэн өдөр. МАН уугуул нэрээ эргүүлэн авсан өдөр. Шударга ёсыг тогтоох, сахилга хариуцлага тооцох асуудлыг манай нам ярина. Харлаа, үзлээ. Үр дүнд хүрэхгүй байна. Зээл авсан хүмүүс зээлээ төлж, ард түмнээс уучлал гуйхгүй бол хариуцлага тооцно. Үгүй бол ард түмнээс дэмжлэг хүснэ. Болохгүй бол Ерөнхий сайдаас огцорно. Ард түмний итгэл найдварын төлөө ажиллана. Үүнийг хийх үүрэгтэй хүн нь би. Ард түмэн үүнийг хүсэж байна гэж ойлгож байгаа. Нийгэмд шударга ёс тогтоох нь МАН-ын асуудал биш, энэ бол  АН, бусад намуудын асуудал. Шударга ёсны төлөө хамтдаа зүтгэхэд бэлэн байна. Бөөнөөр яриад шийдээд явна гэдгээ сөрөг хүчиндээ хэлж байна" гэв. 

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: "Танд ард түмэн итгэл алдаад байна. Та танхимаа удирдаж чадахгүй байна. Оруулж ирсэн асуудлуудын эсрэг Засгийн гишүүд эсрэг байр суурьтай байна. Танд зовлон байгаа байх. Гэхдээ нам доторх зөрчлөө АН-тай хутгаад хэрэггүй. Намын шинэчлэлээ хийж 65 гишүүнээ бүтэн болгох хэрэгтэй" гэлээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Миний давж чадахгүй зүйл байна. Үндсэн хуулиа өөрчлөх ёстой. Шүдгүй арслан шиг ажиллаж байгаа. Очоод зууж чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хурдан хийхгүй бол ямар ч Ерөнхий сайд ажил хийж чадахгүй. Өөрчлөлт байхгүй. Удахгүй намын бага хурлыг хуралдуулна. Өнөөдөр энд хэлчихье. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд аж ахуйн ажилд дарагдлаа. Ямар ч нам улстөрийн оноо авах гэхгүйгээр сайн сайхан нийгмийн төлөө хамтарч ажиллая гэж уриалж байгаа" гэв. 

Ж.Санжмятав: "Засгийн газарт хариуцлага тооцох асуудал сүүлдээ АН-д хариуцлага тооцох зүйл болчихлоо. Энэ нь Ерөнхий сайд асуудлаа буруу дүгнээд явж байгааг харуулж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн тухай гадуур дээд түвшний хариуцлагагүй зүйл боллоо гэж ярьж байна. Б.Батзориг ганцаараа хариуцлага хүлээхгүй. Энэ бол намын даалгавар гэж харж байгаа. Шүд сугалж байгаа юм шиг хариуцлага тооцохоо болимоор байна" гэсэн юм. 

О.Баасанхүү: "Энэ муу хүн биш. Энэ хүнийг муу хүн болгосон Засгийн газартай хариуцлага тооцмоор байгаа юм. Нэг нь ч энэ хүнийг өмөөрөхгүй байгаад би дургүй хүрээд байгаа юм. УИХ-ын гишүүдийн гуйлтыг биелүүлсэн. Ерөнхий сайд маргааш гоё болно гэж яриад байх юм. Өнөөдөр шийд л дээ. Үүдэн хоёр шүд чинь уначихлаа шд. Хиймэл юм хийгээд явах гээд байх юм. Бүхлээр нь солиод имплант хийгээд явмаар байх юм. Эрх мэдлээ ашиглаж зээл авсан хүмүүс хариуцлага хүлээгээч. Уучлал гэдэг гэмшил, харамсал гэж хоёр юм байдаг. Гэмшиж байгаа нэг ч хүн алга. Гэмшиж байгаа хүн өөрийгөө өмөөрөхгүй. Засгийн газар бүхэлдээ огцрох ёстой"

 

12 цаг 34 мин

Ж.Батзандан: "Жидү гэж өвчин Монголын төрд гарлаа. Монгол төрийн ялзрал тавигдаж байна. Бусдын өмнөөс кноп дарах Жидүгээс том асуудал. Эрдэнэтийн 49 хувийг алдсан нь Жидүгээс том асуудал шүү. Багануурын цахилгаан станцыг хятадуудад өгөх Жидүгээс том асуудал шүү. Батзоригийг золионд гаргаад ард түмнийг хуураад өнгөрөх юм уу? 20 гаруй жил энэ улсыг идлээ. Одоо өөрчлөх хэрэгтэй байна. Тогтолцооны шинэчлэл руу яаралтай оръё" 

Ж.Мөнхбат: "Нийгмийн хүсээд байгаа шударга ёсыг яаж хангах гэж байгаа юм бэ? Өөрийгөө, нэг нэгнээ өмөөрөөд байх шаардлагагүй. Гадаа, нийгэм чинь ордны гадаа жагсаж байна. Өвөлжин, хаваржин жагсана. Нэг сайдаар туг тахиад асуудал намдахгүй. Цаашид үргэлжүүлж, тавих хэрэгтэй. Энэ бол банкны зээл биш. Банкнаас зээл авагч эрсдэлээ даадаг. Нийгэм бухимдаад байгаа нь аргагүй. Сошиал сүлжээгээр нэвт явж байна. Ард түмний өмнө онигоонд орж байна шд. Баригдахаараа эргүүлэн өгдөг жишиг тогтож байгаа юм уу. Уучлаарай гэдэг үгийг хэлэх хэрэгтэй. Ард түмэн үзэн ядаж байна шд"

 

 

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.