2018 оны сүүлээр Ром хотоос сураггүй алга болсон Итали дахь БНАСАУ-ын ахлах төлөөлөгч асан одоо БНСУ-д байгаа гэж тус улсын нэгэн хууль тогтоогч өнгөрөгч мягмар гарагт мэдэгджээ.
"Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Жо Сонг-Гил өнгөрсөн оны долдугаар сард Өмнөд Солонгост нэвтэрсэн нь тогтоогдсон бөгөөд одоо Засгийн газрын эрх мэдэлтнүүдийн хамгаалалтад байгаа" гэж сөрөг хүчний "People Power Party" намын төлөөлөгч Ха Тэ-Кён өөрийн фейсбүүк хуудаснаа бичсэн байна.
Үүний дараагаар хэд хэдэн найдвартай эх сурвалж Жо Сонг-Гилийг эхнэрийнхээ хамт Өмнөд Солонгост гуравдагч орноор дамжиж ирсэн нь үнэн гэж мэдээлсэн аж. Хэрэв энэ батлагдвал Жо БНСУ-д суурьшсан хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг болох юм.
Тэгвэл Өмнөдийн Үндэсний тагнуулын албаны албан тушаалтан энэ талаар "Бид үүнийг баталгаажуулж чадахгүй" гэж хэлсэн байна.
Жо Сонг-Гил Ромд Умард Солонгосын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр сууж байхдаа бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнөхөн буюу 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр ямар нэгэн мэдэгдэлгүйгээр алга болсон аж. Тэр үед түүнийг Итали болон бусад улс орны Засгийн газрын хамгаалалт дор гуравдагч орноос орогнол хүсэж байгаа гэсэн мэдээлэл өргөн тархсан юм.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.