ВИДЕО: Хоёр жил сураггүй алга болоод байсан эмэгтэйг далайд хөвж явахад нь олжээ
Хоёр жилийн турш сураггүй алга болсон Колумбийн эмэгтэйг загасчид Пуэрто эргийн ойролцоох уснаас эсэн мэнд олжээ. Тэд есдүгээр сарын 26-ны өдөр 46 настай Анжелика Гайтан гэх энэ эмэгтэйг далайд хөвж явахад нь олж харан, аварсан байна.
Загасчид эхлээд алсад хөвж буй мод харлаа гэж бодсон ч удалгүй Гайтаныг гараа өргөн, тусламж хүсэхийг харсан гэнэ. Ингээд тэд түүн рүү хөвөх хэрэгсэл шидэн, завин дээрээ гаргаад, эрэг дээр авчирсан байна. Эмэгтэй хэтэрхий их даарсан учир нэг ч үг дуугарч чадахгүй байжээ.
Эрэг дээр орон нутгийн хүмүүс эмэгтэйд тусалсан бөгөөд удалгүй түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Эмнэлгийн тусламж хүлээн авч, биеийн байдал нь сайжирсан Анжелика Гайтан сүүлийн хоёр жилийн турш хаана байсан, мөн яагаад далайд хөвж байснаа албаныханд тайлбарлажээ.
Гайтан 2018 онд нөхрийнхөө хүчирхийллээс зугтан, гэрээсээ явсан байна. Ингээд тэрээр хэдэн сарын турш гудамжинд амьдарч байгаад нэгэн эмэгтэйчүүдийн хорогдох байранд амьдрах болсон аж. Гэвч саяхан тэрээр тус хорогдох байранд үлдэх боломжгүй болсон бөгөөд цөхөрсөн Гайтан өөрийн амьдралаа дуусгахаар шийдэн, далайн эрэгт очсон гэнэ.
Өөрийгөө олон цагийн турш далайд хөвсөн гэдгээ огт санахгүй байгаа Гайтан "RCN" радиод өгсөн ярилцлагадаа "Би дахин төрсөн юм шиг санагдаж байна, Бурханд талархъя. Хэрэв надад боломж эсвэл тусламж байсан бол би ийм шийдвэр гаргахгүй байсан. Гэвч Бурхан надад шинэ боломж олгосонд би маш их талархаж байна" хэмээн ярьсан юм.
Анжелика Гайтан одоо эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ холбоо тогтоогоод байгаа аж.
Эх сурвалж: Newsweek
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.