LIVE: Э.Батболд: Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгох шийдвэрт хүрсэн
Өнөөдрийн байдлаар ипотекийн 8 хувийн зээлтэй 100 мянган иргэн бий. Тэдний зээл 4.9 их наядаар хэмжигдэж байгаа. Өнгөрсөн сард арилжааны банкнууд 1077 хүнд 74.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 57.3 хувь нь хөтөлбөрийн, 42.7 хувь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байгаа юм.
Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь хүргэх зорилтыг БХБ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Сангийн яам, Монголбанктай хамтарч судлаад урьдчилсан байдлаар 6 хувь руу буулгая гэдэг тохиролцоонд хүрч байна.
Энэ талаар БХБЯ-ны ахлах мэргэжилтэн Э.Батболд “Зээл авсан хүмүүсийн материалыг судалж үзэхэд хоёр сая төгрөгөөс дээш орлоготой иргэдэд зээл олгосон бөгөөд сарын дундаж төлөлт нь 681 мянган төгрөг төлж байна. Манай улсын иргэдийн дундаж орлого нь 1 сая 300 мянган төгрөг ч ийм орлоготой иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгааг харуулж байна. Энэ нь цаашлаад зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байна гэж үзсэн. Дунд болон дундаас доош орлоготой иргэд яагаад ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна гэхээр сарын дундаж орлого нь зээлийн төлөлтөө өгөх хэмжээнд хүрч чадахгүй байгаа тул банк зээл өгөхгүй байгаа тул хүүг бууруулснаар зорилтод бүлгийн иргэд хамрагдах боломжтой гэж үзсэн. Ингээд ажлын хэсгээс ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь болгох шийдвэр гаргасан.
-Ипотекийн 8 хувьтай зээлтэй иргэд 6 хувь руу шилжих боломжтой юу?
-8 хувьтай зээл авсан иргэдийг 6 хувь руу шилжүүлэхэд Засгийн газраас 360 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Манай улсын хувьд энэ хэмжээний санхүүжилт хийх боломжгүй тул нэгэнт байр авсан хүмүүсээ дахин санхүүжүүлж байгаагаас шинээр зэх зээлээс 6000 айлыг орон сууц авах боломжийг шинэ зээлдэгч нартаа олгох зүйтэй гэж үзсэн. Ингээд шинээр орон сууц авах иргэд ипотекийн 6 хувьтай зээлд хамрагдах боломжтой. 8 хувийн зээлтэй иргэд зээлээ төлж дуусаад шинээр орон сууц авах тохиолдолд 6 хувиар зээлээ авах боломж нээлттэй.
Үүнийг аравдугаар сарын 1-нээс байх уу хэзээ байх вэ гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр ярьж байгаа ажлын хэсэг дээр шийднэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.