LIVE: ШӨХТГ-аас МИАТ компанийг чартер нислэгийнхээ үнийг бууруулахыг шаардлаа

ШӨХТГ-ын даргаар саяхан томилогдсон Б.Бат-Эрдэнэ өнөөдөр МИАТ ТӨХК-д ажиллалаа. Шадар сайд Я.Содбаатараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ШӨХТГ-ын дарга удирдлагууд МИАТ компани чартер нислэгийнхээ үнийг огцом хэр үндэслэлтэй, цаашид билетийн үнийг бууруулах ямар боломж байгааг газар дээр нь очиж тодруулсан юм. 

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр чартер нислэгийн үнэ өссөн шалтгааныг,

  1. Онгоцны шатахуун жирийн үеэс өндөр үнэтэй болсон (бодит байдал дээр коронавирус дэгдсэний улмаас шатахууны үнэ дэлхийн зах зээлд огцом унасан)
  2. Зорчигчдод хоол унд өгдөг (чартер нислэгийн үеэр БНСУ, Япон улсаас ирж буй иргэдэд ганц ширхэг цэвэр ус л өгдөг)
  3. Ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх бараа, материал, хувцас, амны хаалтны зардалд 754 сая төгрөгийн зардал гарсан
  4. МИАТ ТӨХК-аас хийдэг тогтмол нислэг өнгөрсөн оны мөн үеэс 75 хувь буурсан учраас нислэгт ноогдох тогтмол зардлыг нэмэгдүүлсэн хэмээн тайлбарласан юм. 

Харин энэхүү хариултад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ихээхэн эгдүүцэв. Тэрбээр хэлэхдээ "МИАТ ТӨХК нь олон улсын хэд хэдэн чиглэлд давамгай буюу монопол эрхтэйгээр нислэг үйлддэг. Танай компани онгоцны тасалбарын үнээ нэмсэн явдал нь гадаадын улс орноос эх орон руугаа ирэх гэж буй иргэдэд дарамт чирэгдэл болж байна. Бидэнд нэгж тасалбарт ногдох үнийг юуны учраас нэмсэн талаарх үндэслэлтэй задаргаагаа яг одоо гаргаж өгөөрэй. Мөн маргаашийн дотор чартер нислэгийн тасалбараа хэдэн төгрөгөөр бууруулахаа тодорхой хэлээрэй. Хэрвээ үнээ буулгахгүй гэсэн тохиолдолд танай компанийн олон улс руу давамгай эрхтэйгээр нислэг үйлддэг чиглэлд илүү хямд үнэ санал болгосон өөр агаарын тээврийн компаниудыг оруулна" хэмээн хэллээ. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.