ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулгыг “шалгана”
Ерөнхийлөгч Х.Баттулга “Талх чихэр”, Баянгол зочид буудал, “Мах-Импекс” тэргүүтэй хэд хэдэн компаниас хувь эзэмшдэг. Тэрбээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээр өөрийн орлого ньзургаадахин өсөж, үл хөдлөх хөрөнгө нь 1.3 тэрбумаар үнэлэгдсэн байдаг. Ингэхдээ 2018 онд жилийн орлого нь 40 сая хэмээн мэдүүлж байсан нь 2019 онд 285 сая, гэр бүлийн орлого нь 2018 онд 18 саяаас 94 саяд хүрсэн тухайгаа мэдүүлж байв.
Сонирхолтой нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын хувь эзэмшлийн "Талх чихэр" тэргүүтэй гурил,талхны үйлдвэрүүдэд шалгалт оруулахаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгджээ. Энэ тухайгаа “Төрөөс олгох ёстой хөнгөлөлт урамшуулал болон чөлөөлөх ёстой гааль, татвараас чөлөөлсөн. Үнэ нэмэгдэх болсон нөхцөлийг Олон улсын стандартад шилжиж дэлхийтэй хөл нийлүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн, ажилчдаа халаагүй гэдэгтэй холбон тайлбарлаж байна.
Энэ нь гурил, талхны үнэ нэмэгдэх үндэслэл болохгүй. Өнөөдөр, маргаашдаа багтаан өсгөсөн үнийг буулгахыг шаардлаа. Үйлдвэрлэгчээс үндсэн үнээр нийлүүлж байгаа ч худалдан борлуулагч нар үнэ өсгөн худалдаалж байгаа асуудлууд гарсан. Тухайн ААН-үүдэд албан шаардлага хүргүүлж, Өрсөлдөөний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн холбогдох зүйлээр арга хэмжээ авна.
Үндэслэлгүй үнэ нэмсэн ААН-үүдэд Татвар, Гааль, Мэргэжлийн хяналт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын гамшгийн үеийн улсын хяналтын байцаагч нарын хамтарсан шалгалтыг хийнэ” хэмээн мэдэгджээ. Б.Бат-Эрдэнийн тухайд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсон нэгэн. Ажлаа авсан цагаасаа иргэдийн санал, гомдлын дагуу холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ тухай ихэвчлэн цахим орчинд мэдээлж, “цаг”-ийг өнгөрүүлэх болсон түүний хувьд энэ удаад гурил, талхны үйлдвэрийн эзэдтэй төрийн нэрийн өмнөөс уулзах нь. Гагцхүү тэдгээр дунд нь Ерөнхийлөгчийн хамаарал бүхий “Талх чихэр” компани багтсан нь энэ. Б.Бат-Эрдэнэ даргын шалгалтын хариу ямар гарах, үндэслэлгүйгээр үнээ нэмснийг нь тогтоовол, хэрхэн хариуцлага тооцох эсэх нь цаг хугацааны асуудал болж байна.
Г.Ханд

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.