АНУ-ын Калифорни мужид ойн түймэр асч 20,000 га орчим талбайг хамран шатаад байна. Түймэр ассан нутаг дэвсгэрт гацсан 200 гаруй иргэнийг аврагчид нисдэг тэргээр аварчээ. Эх сурвалжийн мэдээлснээр түймэрт 20 орчим хүн түлэгдэж бэртсэн байна.
Крийк хэмээн нэрлээд байгаа ой хээрийн түймэр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 18 цаг 45 минутад Сьерра ойгоос эхэлж Мэммот Пүл усан санг тойрч, хурдацтай тархжээ. Түймэр ассан бүсэд агаарын температур цельсийн 47 хэмд хүрч халаад байна. Тодруулбал ням гарагт Лос Анжелесын орчимд агаарын температур дээд тал нь цельсийн 49,4 хэмд хүрсэн тухай мэдээлжээ.
Үндэсний цаг уурын газраас эдгээр өдрүүдэд Калифорнийн өмнөд хэсгүүдэд тун ховор тохиолдох, онц аюултай, иргэдийн амь насанд ч хүрч мэдэхээр цаг агаар халж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлээд байна.
Гал хурдацтай тархсан тул олон нийтийн амарч зугаалан завиар аялж, загас барьдаг газарт богино хугацаанд тулж ирснийг холбогдох албаны хүмүүс мэдээгүй байсан гэжээ. Түймрийг цурманд оруулж амжаагүй байгаа тул ойр орчмын бүс нутагт оршин суугчдыг албадан нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.
ВВС агентлагийн мэдээлснээр Калифорни мужид наймдугаар сарын 15-ны өдрөөс хойш мянга орчим түймэр асчээ. Эдгээрийн ихэнх нь аянга цахилгаан цахиснаас үүдэлтэй байна. Калифорни мужийн 40 дэх захирагч Гэвин Ньюсом өнгөрсөн баасан гарагт гэрэл цахилгаан тасарч болзошгүй гэдгийг анхааруулж онц байдал зарлажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.