ЧУУЛГАН: Ж.Болд, П.Дэлгэрнаран, Э.Түвшинжаргал, Д.Даваа-Очир нар СЕХ-ны гишүүнээр томилогдлоо
УИХ-ын ээлжит бус чуулганы сүүлчийн өдрийн хуралдаан 14:00 цагт эхэлж Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлж, орны хүмүүсийг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн Ц.Болдсайхан нар тэтгэврийн насанд хүрсэн, СЕХ-ны гишүүн С.Баатаржав улс төрийн албан тушаалд дэвшсэн /СЕХ-ны гишүүн төрийн жинхэнэ албан хаагч байх ёстой/, СЕХ-ны гишүүн Э.Батболд тодорхойгүй шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ажээ.
Ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн дөрвөн хүний оронд шинэ хүмүүсийг нэр дэвшүүлсэн аж. Хуулиараа СЕХ-ны гишүүнд УИХ тав, Ерөнхийлөгч хоёр, Улсын дээд шүүхээс хоёр хүнийг нэр дэвшүүлдэг.
Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн нь хараат бус, төрийн жинхэнэ албан хаагчид байх ёстой
УИХ-аас ЦЕГ-ын дарга Ж.Болд, УИХ-ын Тамгын газрын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, УИХ-ын Тамгын газрын ажилтан П.Дэлгэрнаран нарын нэрийг, Ерөнхийлөгчөөс ҮАБЗ-ийн Аюулгүйн газрын дарга Д.Даваа-Очирын нэрийг дэвшүүлжээ.
Хуралдаан оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар Жамсранжавын Болд, Даваанямын Даваа-Очир, Эрдэнийн Түвшинжаргал, Пүрвээгийн Дэлгэрнаран нарыг СЕХ-ны гишүүнээр томиллоо.
СЕХ-ны даргыг томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр шийднэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.