1072 хувьцааны ногдол ашиг тараах нөхцөл бүрджээ
-Эрдэнэс тавантолгой" компани хувьцааны мөнгөө бүрэн шилжүүлж дуусгажээ-
Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд хэзээ өгөх талаар тодруулахад “Эрдэнэс тавантолгой” компани ногдол ашгийнхаа мөнгийг бүрэн шилжүүлж дуусгаагүй. 97 тэрбум төгрөг дутуу. Хэрэв энэ мөнгө бүрэн орж ирвэл иргэдийн хувьцааны ногдол ашгийг өгнө” хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл өчигдөр/2020.08.25/ “Эрдэнэс тавантолгой” компани хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 97 тэрбум төгрөгийг Сангийн яам руу шилжүүлсэн байна.
Ингэснээр иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг түгээхэд шаардлагатай 197 тэрбум төгрөг бүрдэж байна гэсэн үг. Харин одоо ногдол ашгаа иргэдийн данс руу шижлүүлэх ажил үлдэж байна.
Өнгөрсөн хавар буюу 3-р сард иргэдэд ногдол ашиг түгээхийг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан бөгөөд нэгж хувьцааг 90 төгрөгөөр бодож олгохоор төлөвлөсөн юм.
Гэвч ийнхүү 6 сар орчим гацаанд ороод байгаа юм. Тэгвэл ногдол ашгийн мөнгө Сангийн яам руу бүрэн шижиж дууссанаар хувьцааны ногдол ашиг тараагдах нөхцөл бүрджээ.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв/ҮЦТХТ/-өөс өгсөн мэдээллээр “Эрдэнэс тавантолгой" компанийн хувьцааг 2 сая 512 мянган иргэн эзэмшиж байгаагаас 702 мянга нь дансны мэдээллээ баталгаажуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.