АНУ-аас ирсэн гурван иргэн шинжилгээ өгөхөөс татгалзжээ
УОК-ын Шуурхай штабаас ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ЦЕГ-аас мөн мэдээлэл өглөө.
Гадаад улсаас ирж тусгаарлах байранд байгаа иргэд хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал,
Төв аймгийн Баянхангай амралтын газар тусгаарлагдаж байсан дөрвөн иргэн хорио цээрийн дэглэм зөрчиж долдугаар сарын 18-ны өдөр архидан согтуурсан зөрчлийг аймгийн Цагдаагийн газар илрүүлжээ.
Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Х, Б нар долдугаар сарын 22-нд архидан согтуурсан тусгаарлах байрны журам зөрчсөн.
Эрхэс зочид буудалд тусгаарлагдсан иргэн О долдугаар сарын 26-ны өдөр дөрвөн давхрын цонхоор хайрцагтай тамхи шидсэн бөгөөд түүнийг иргэн М, Б нар авсныг эргүүл хамгаалалтын албан хаагч нар илрүүлжээ. Хамгаалалтын байрнаас эд зүйл гаргаж мөн түүнийг авсан иргэд хавьталд орсон гэж үзсэн учир дээрх хоёр иргэнийг мөн тусгаарлалтад оруулах үйл ажиллагаа зохион байгуулжээ.
Түүнчлэн энэ сарын 5-нд Сиатл-Улаантбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, Монголика зочид буудалд тусгаарлагдсан иргэн М, Э, Б нар коронавирусийн шинжилгээ өгөхөөс татгалзсан зөрчил гаргасан байна.
Иймд тусгаарлах байрны журамд өөрчлөлт оруулах саналыг ЦЕГ-аас гаргав. Мөн шинжилгээ өгөхөөс татгалзах нь Эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл болохыг анхааруулав.
Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн 519 тохиолдол бүртгэгджээ. Үүнд нийслэлд 161 орон нутагт 358 зөрчил бүртгэгдсэн байна. Ийнхүү зөрчил гаргасан иргэдийн тусгаарлах хугацаа дууссаны дараа Зөрчлийн хууль болон Эрүүгийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.