Нэг хүүхдээс 500 мянгаас 1.5 сая төгрөгийн хахууль авч цэцэрлэгт элсүүлдэг байжээ
Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаа нь авлигын хэрэгт холбогдон, ажлаасаа халагдсан ч түүний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны улмаас хэрэг нь шүүхээс буцжээ. Үүний дараа тэрээр буцаад ажилдаа орох хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд Иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүнийг албан тушаалд нь эргэн томилох шийдвэр гаргасан байна.
Иргэн Ө.Алдармаа нь 2014 онд тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож ирсэн цагаасаа хойш удаа дараа хууль бус үйл ажиллагаа явуулан, албан тушаалаа ашиглан хувьдаа мөнгө завшдаг байжээ. Түүнчлэн жил болгон засварын мөнгө хураадаг ч нүдэнд харагдахуйц засварын ажил хийдэггүй байсан байна. Мөн нэг хүүхдээс 500 мянгаас 1.5 сая төгрөгийн хахууль авч элсүүлснээр цэцэрлэгийн нэг анги 60-70 хүүхэдтэй болж багш ажилчдад хүндрэл үүсдэг байжээ. Эдгээр шалтгааны улмаас 129-р цэцэрлэгийн багш, ажилчид эрхлэгч Ө.Алдармааг буцаан албан тушаалд нь томилохыг эсэргүүцэн олон нийтэд хандаад байгаа юм.
129-р цэцэрлэгийн багш С.Отгонцэцэг: "Олон хүүхэдтэй ажилладаг бидний хувьд удирдлагаас дарамт, шахалт хүлээн авах хэцүү байдаг. Бид тайван ажиллаж байж хүүхдүүд маань ч эндэж осолдохгүй байна. Эрхлэгч Ө.Алдармаатай ажиллахгүй. Өөр хэнийг ч тавьсан бид асуудалгүй хамтран ажиллах болно. Багш ажилчдын талд хууль үйлчилж. асуудлыг үнэн зөв шийдэж өгөхийг хүсэж байна"гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.