LIVE: У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдууд томилогдлоо

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.08) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад эхэлж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэцтэй танилцаж байна

2016-2020 оны парламент Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүнийг УИХ томилох бөгөөд Засгийн газарт орж ажиллах сайдууд буюу кабинетээ Ерөнхий сайд өөрөө бүрдүүлэх хуультай. Сайд нарын нэрсийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхгүй бөгөөд зөвхөн танилцуулна. Шинэ засгийн газрын сайд нар УИХ-д тангараг өргөнө.

У.Хүрэлсүхийн Засгийн газар дараах сайдуутай байх бөгөөд өчигдөр /2020-07-07/ хуралдсан МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаар нэрсийг баталсан аж.

Үүнд: 

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
  • Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,
  • Эрчим хүчний сайдад Багануур хотын захирагч асан Н.Тавинбэх,
  • БШУ-ны сайдад БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
  • Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
  • Зам тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,
  • Соёлын сайдад ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
  • Эрүүл мэндийн сайдад Т.Мөнхсайхан,
  • Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,
  • Батлан хамгаалахын сайдад тус яамны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Монголросцветмент” компанийн дэд дарга Г.Ёндон,
  • Гадаад харилцааны сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар болов.

Мөн шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Засгийн газар тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллах юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.