ИЧДЭГГҮЙ 61 БА МАН-ЫНХАН
УИХ-ын 2020 оны найм дахь удаагийн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж 76 суудлаас 62 суудлыг авсан
Өнөөдөр шинэхэн УИХ-ын гишүүд тангарагаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Гэвч 62-ын бүлгээс нэг гишүүн нь тангарагаа өргөж чадсангүй, 61-үүлээ өргөлөө.
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт МАН-аас нэр дэвшиж, Сэлэнгэ аймагтаа хэн ч танихгүй шахам /Ч.Ундрам, Д.Өнөрболор/ намынхаа хоёр бүсгүйг "чирж" сурталчилгаагаа хийж явсан билээ. Харин сонгуулийн ид сурталчилгааны цагаар буюу зургадугаар сарын 12-ны өдөр түүнийг Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудыг зөрчин албадан баривчлах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүх гаргаж, хэрэгжүүлсэн.
Монголын улс төрийн түүхэнд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэд халдаж, шууд баривчилсан үйл явдал тод хар мөртэй үлдэх нь дамжиггүй.
Түүний гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоогоогүй байгааг сануулахад илүүц биз
2020 оны зургадугаар сарын 30-ны өдөр УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж шинэ гишүүд тангарагаа өргөсөн ч Сэлэнгэ аймагт тасархай ялалт байгуулж, намдаа нэг суудал авч ирсэн Ж.Эрдэнэбатыг одоогоор хэн ч асууж сурагласангүй. СЕХ-ны зүгээс ялалт байгуулж, УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй болох гишүүдийн нэрсийг уншихдаа эрхбиш овог нэрийг нь дуудлаа. Бусдаар мөр зэрэгцэн суух бүрэн эрхт гишүүд ч тэр, намын журмын нөхөд нь ч тэр Ж.Эрдэнэбатын "тангарагийг өргүүл" гэж яагаад хэлж чадахгүй байна вэ.
Саяхан даа саяхан. Бүхэл бүтэн 16 жил тасарсан үнэмлэхүй ялалтыг МАН 2016 оны сонгуулиар эргүүлэн авчирч 64 гишүүнтэй даналзаж байх үедээ Жаргалтулгын Эрдэнэбатыг Засгийн газрын тэргүүнээрээ томилж, 2012-2016 онд газарт шигдтэлээ унасан эдийн засгаа "сэхээж" байв даа. Мэргэжлийн эдийн засагч Ерөнхий сайдтай түүний Засгийн газар МАН-ын ялалтыг эдийн засгийн сэхэлтээр аварч, өнөөдөр ард түмний өмнө дахин дүнгээ тавиулахад нь томоохон дэм болсныг мартаагүй байх гэж найдъя.
Сэлэнгэ аймагт сонгуулийн халуурал өрнөж байх үед намын дарга У.Хүрэлсүх ганцхан Ж.Эрдэнэбатад хандаж "АЧААНЫ ХҮНДИЙГ ҮҮРСЭН" хэмээн алдаршуулж байсан. Сэлэнгэ аймагт намын томилгоогоор ирсэн, хэн ч танихгүй шахам хоёр бүсгүйг сурталчилгааны хоногуудад "сугандаа хавчуулан", өөрийгөө ярихаас илүүтэй өнөөх хоёр бүсгүйг "магтаж", багаар нь дэмжихийг уриалж, Сэлэнгэчүүдийгээ ятгаж явсан нь хэдхэн хоногийн өмнөх явдал.
МАН-ын 62 суудлын гурвыг нь Ж.Эрдэнэбат тулдаа авчирсан гэдгийг хэн хүнгүй мэдэж л байгаа. Гэтэл УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх ажиллагаан дээр нам нь ч тэр, хамтран зүтгэгчид нь ч тэр "Жаргалтулгын Эрдэнэбатын тангарагийг яагаад өргүүлэхгүй байна вэ, хуулиас давсан шийдвэр гаргасан шүүхийн захирамжийг хэзээ цуцлах вэ" гэж хэн нь ч асууж сурагласангүй.
Түүний суудал ганцаар торойтол хоосон харагдаж, эзэн нь өөрөө хууль бусаар 461-р ангид хоригдож суусаар...
Монголд өнөөдрийг хүртэл "ардчилсан нийгмийг цогцлоосон", "шударга ёсыг сахиулсан", "хуулийн дээр хөх тэнгэр л бий" гэж ярьдаг ч шүүх засаглал нь хуулийнхаа дээр гараад суучихсан он цагууд иржээ. Энэ хэлмэгдүүлэлт өнөөдөр Ж.Эрдэнэбатыг дайрсан шигээ маргааш хэнийг ч дайрч мэдэхээр болчихлоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.