Гадаадаас ирэх ачаа, илгээмжийг 21 хоног “тусгаарлана”
Коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 заалт, ДЭМБ-аас эд зүйлийн гадаргуу дээр тогтсон коронавирусийн идэвхтэй байх хугацаа нэмэгдэж байгааг улс орнуудад анхааруулсантай холбогдуулан Монгол Улсад ирэх карго ачааг халдваргүйжүүлэлт хийсний дараа 21 хоног, эм, эмнэлгийн хэрэгслийг 72 цаг тусгаарлаж олгох шийдвэрийг УОК гаргажээ.
Уг шийдвэрийн хэрэгжилтийг Шуурхай штаб болон Гаалийн ерөнхий газар, МХЕГ, ИНЕГ хангаж ажиллах гэнэ. Одоогоор ажлын хэсэг томилогдон хил, гааль дээр хэрхэн бараа бүтээгдэхүүнийг хадгалж, ариутгах талаар зөвлөлдөж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш болох Шуурхай штабын ээлжит мэдээллээр мэдээлэх гэнэ.
Коронавирус нь сонин, дэвтэр, сэтгүүл дээр таван өдрийн турш амьдрах чадвартай бол бүх төрлийн цаасан хайрцаг дээр нэг өдөр амьдрах чадвартай хэмээн дүгнэсэн байдаг.
ДЭМБ-аас хэдхэн хоногийн өмнө “Шуудангийн илгээмж коронавирус тараах эрсдэл байхгүй. Коронавирус захиа, илгээмжийн хайрцаг, дугтуйн дээр удаан амьдарч чадахгүй гэдэг нь нотлогдсон” гэж мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.