Жагсаалын дараа 10 цаг гудамж цэвэрлэсэн сурагч Мустанг хүлэг, коллежийн тэтгэлгээр шагнуулав
АНУ-ын Нью-Йорк мужийн Баффало хотод болсон эсэргүүцлийн жагсаалын улмаас төрөлх хотод нь учирсан хохирлыг харсан Антонио Гвин Жуниор шүүр барин, хогийн уутнууд худалдаж аваад ганцаараа гудамж цэвэрлэж эхэлжээ.
Тэрээр шөнийн хоёр цагт цэвэрлэгээгээ эхэлж үргэлжлүүлэн 10 цагийн турш тасралтгүй ажилласан байна. Өглөө гэхэд зохион байгуулалттай бүлэг хохирлыг засаж, цэвэрлэхээр ирэхэд Гвин аль хэдийнэ ихэнх ажлыг нугалчихсан байсан аж.
Антонио Гвин бол 18 настай ахлах сургуулийн сурагч. Тэрээр CNN-д өгсөн ярилцлагадаа Баффало хотын Бэйли өргөн чөлөө шил, хогоор дарагдсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллээр харсан ба энэхүү гудамжаар өглөө нь олон хүн ажилдаа явна гэдгийг мэдэж байсан гэжээ.

Тэгвэл түүний цор ганцаараа хийсэн сайн үйл ил болсны дараа хотын иргэд нэгдэн, түүнд хариу барьсан байна. Гвиний талаар оройн мэдээнээс үзсэн хотын оршин суугч Мэтт Блок түүнд өөрийн 2004 оны улаан Мустанг автомашинаа бэлэглэхээр шийджээ. Тэр Гвинийг фэйсбүүк дээрээ машин худалдаж авах талаар зөвлөгөө асуусан байхыг хараад, өөрийн спорт машинаа санал болгохоор шийдсэн гэнэ. Мөн энэ хэргийг мэдсэн орон нутгийн бизнес эрхлэгч Боб Брайсланд өөрийн даатгалын компаниараа дамжуулан Гвинд нэг жилийн үнэгүй автомашины даатгалыг санал болгожээ.
Антонио ахлах сургуулиа төгсөөд, худалдааны сургуульд сурангаа их сургуулийн төлбөрөө цуглуулахаар төлөвлөж байсан аж. Тэгвэл мөн л түүний сайн үйлийг сонссон Баффало хотын Мидайлл коллеж 100 хувийн тэтгэлэг санал болгожээ. Антонио Гвин энэ намраас эхлэн уг коллежид бизнесийн чиглэлээр сурч эхлэх бөгөөд түүний карьерын олон зорилтуудын нэг нь цэвэрлэгээний бизнес нээх явдал гэнэ.

Энэ бүхний хариуд тэрээр “миний төлөө хийсэн бүх зүйлд баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлэв.

Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.