LIVE: "Хан талст" ХХК-ийн барилга барьж буй газарт дөрвөн хүүхэд амиа алджээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох тогтоол усанд өнөөдөр 17.00 цагийн орчимд дөрвөн хүүхэд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан

Уг хэрэг гарсантай холбогдуулан Нийслэлийн захиргааны холбогдох албан тушаалтнууд албан ёсны мэдээллийг өглөө.

БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэр, Маршалын гүүрний зүүн талд, Туул голын эрэг дэх усны халианд өсвөр насны дөрвөн хүүхэд живж амиа алдсан хэрэг гарлаа.

Тухайн газарт "Хан талст" ХХК үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд наран шарлагын газар байгуулах зориулалтаар зөвшөөрөл авсан байжээ. Уг зөвшөөрөл нь асуудалтай байсан тул НЗДТГ-аас удаа дараа мэдэгдэл хүргүүлж зөрчил арилгах албан шаардлагыг өгч байсан. Хэрэгжилтийг төдийлөн сайн хангаагүйн улмаас барилгын суурь хэсгийн шороог авсан хэсэгт үүссэн хөрсний усанд дөрвөн хүүхэд живж амиа алдлаа.

Тус барилгын хажуу хэсгийн усны тогтсон халиа хэсэгт хүүхдүүд живжээ. 

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: ҮЦХ НИТХ-ын 2012 оны 3,10-р тогтоолын хүрээнд нийтдээ 973 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа. 2014-04-04-ны өдөр Хотын дарга Э.Бат-Үүл газар ашиглуулах зөвшөөрөл олгосон байдаг. "Хан талст" ХХК 3,3 га газрыг авсан байдаг юм. Наран шарлагын газар байгуулах зөвшөөрөл олгосон ч энэ зөвшөөрөл нь хууль зөрчиж байгааг илрүүлж, албан тоот хүргүүлсэн. Энэ үйл ажиллагаа нь өөрөө хууль бус байсан гэсэн үг. 

ҮЦХ-ийн газарт хувийн байгууллагад зөвшөөрөл олгож болохгүй. Удаа дараа хяналт шалгалт хийж, 84 заалттай албан шаардлага хүргүүлсэн. Сүүлийн гурван жилд зөрчлийн хэргийг хоёр удаа нээсэн. "Хан талст" ХХК гэрээ байгуулан ажиллаж байх явцдаа зөрчил гаргасан тул Хотын дарга тавдугаар сарын 13-ны өдөр үүрэг өгсөн. Уг компани А даалгавар, техникийн нөхцлөө авсан ч ажил хийх зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Бид хоёр удаагийн мэдэгдэл өгч үйл ажиллагаагаа зогсоохыг сануулсан. Гэтэл төрийн байгууллагын шаардлагыг хангахгүй үйл ажиллагаа явуулсаар байсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.