12,000 км туулж Монголд ирсэн хөхөөний нүүдэл эрдэмтдийг гайхшруулав
Хиймэл дагуулын тэмдэглэл ашиглан олон улсын судлаачид хөхөөний нүүдлийг хянажээ. Ингэхэд хөхөө шувуу Өмнөд Африкаас Монгол хүртэл 12,000 км замыг туулсан нь эрдэмтдийг гайхшруулсан байна.
Алс холын аяныг туулахдаа хөхөө далай тэнгисийг гаталж, хүчтэй шуургыг сөрж, 16 улсын нутаг дэвсгэрийг туулан Монголд иржээ. Онон гэж нэрлээд буй уг хөхөө шувууг хиймэл дагуулаас хянахад Өмнөд Африкийн Замби улсад өвөлжиж, тэндээс гуравдугаар сарын 20-ны өдөр Монголд зуншихаар замдаа гарчээ.
Онон бол өнгөрсөн жилийн зун Монголын хөхөө төслийн хүрээнд хиймэл дагуулын таних тэмдэг суулгасан таван хөхөө шувууны нэг юм. Уг судалгаан дээр манай улсын эрдэмтэн судлаачидтай Британийн шувуу судлалын газар хамтран ажиллажээ.
Судалгааны явцад эрдэмтдийг гайхшруулсан нэг зүйл бол Онон Энэтхэгийн далайг гатлахдаа замдаа огт зогсоогүй бөгөөд дунджаар цагт 60 км-ын хурдтайгаар Кени, Саудын Араб, Бангладешийн нутаг дэвсгэрийг туулжээ. Одоогоор судлаачдын хянаж бусад дөрвөн хөхөө урт аянаа дуусгаагүй бөгөөд Онон ганцаараа хамгийн урт замыг туулж гэртээ ирсэн байна.
Ононтой цуг их аянд гарсан Баян хөхөө зүүн Африкийн Килиманжарод өвөлжиж, Хятадын Юнанд хүрч холбоо тасарсан бөгөөд түүнийг үхсэн гэж таамаглажээ. Ердөө хоёр долоо хоногийн хугацаанд 10,000 км замыг туулсан учир өлсөж, ядран бусдын хоол болоход хялбар болдог ажээ.

“Дэлхий даяар коронавирусийн хорио цээрээс улбаалж нислэгүүд цуцлагдаж, зогсонги байдалтай болсон ч хөхөө шувуу өлсгөлөн, махчин амьтдыг үл хайхран уртын аянаа амжилттай гүйцэтгэснээс харахад хүн төрөлхтөнөөс бусад ан амьтдын аж амьдрал байгалийн хуулиар хэвийн үргэлжилж байгааг харуулж байна” гэж Их Британийн судлаач Хьюсон ярьжээ.
Онон аюулгүй Монголд ирсэн тухай мэдээ олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан даруйд хүмүүс түүнд баяр хүргэсэн байна.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.