Жолооны үнэмлэхгүй жолоочид 15 жилийн хорих ял оноож магадгүй
ОХУ-ын Төрийн Думээс жолооны үнэмлэхгүй жолооч нарын үйлдэл ноцтой үр дагавар гаргасан тохиолдолд 15 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн төслийг боловсруулж байгаа талаар Төрийн бүтээн байгуулалт, хууль тогтоомжийн танхимын дэд даргын орлогч Вячеслав Лысаков мэдэгдлээ.
Түүний үзэж буйгаар жолооны үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүст ноогдох шийтгэлийг нэмэгдүүлэн, тэдний үйлдлийг зам тээврийн ослын газраас зугтсан, эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийн үйлдэлтэй дүйцүүлбэл давтан хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой аж.
Мөн тэрээр замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, үнэмлэхгүй хүмүүс маш том аюул заналхийлдэг бөгөөд хүчин төгөлдөр үнэмлэхтэй жолооч нартай адил хариуцлага хүлээх ёстой гэдгийг тэмдэглэв. Лысаков үргэлжлүүлэн “Бидний гол даалгавар бол хэн нэгнийг шийтгэх биш, харин хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс гарч болзошгүй үр дагавраас урьдчилан сэргийлэх явдал юм” хэмээн онцоллоо.
Төрийн бүтээн байгуулалт, хууль тогтоомжийн танхимаас энэхүү хуулийн төслийг 2020 оны хаврын чуулган дуусахаас өмнө Төрийн Думд өргөн барихаар төлөвлөж байна.
Эх сурвалж: iz.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.