М.Энхсайханд 4 жил 6 сарын хорих ял оноов
Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уржигдар эхэлсэн. Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн нэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.
Түүнийг хэргийн бусад оролцогчдод нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр дөрөвдүгээр сарын 23-ны өдөр дараагийн шүүх хурал хүртэл цагдан хориод байсан билээ. Шүүх хуралд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг гэрчээр оруулцуулах ёстой гэж үзэн, хүсэлтээ өгсөн түүний өмгөөлөгч Эрдэнэбатын хүсэлтийг шүүх хүлээн авсангүй.
Шүүх хуралдаан гурван өдөр үргэлжлээд, Ерөнхий сайд асан М.Энхсайханыг гэм буруутайд тооцож, 4 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй ангид эдлүүлэхээр оноолоо. Түүнийг зах зээлийн үнэлгээ нь 115 сая төгрөгийн үнэ бүхий "Лексус-570" маркийн машиныг эрх мэдлээ ашиглан, 165 сая төгрөгөөр авч улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзжээ. Мөн, Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтад оруулах гэрээ байгуулахдаа ҮАБЗ-ийн зөвлөмж, УИХ-ын тогтоол зөрчин, хөрөнгө оруулагч "Шинхуа энержи", "Энержи ресурс" болон "Сүмитомо корпораци"-ын түншлэлд давуу тал олгосон гэж үзлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.